Амьтдад ээлтэй төмөр зам
Дэлхий хэмээх гарагийг ноёлон эзэрхийлэгч хүн төрөлхтөний хэрэгцээ шаардлага хөгжлийн хурдын нэгэн золиос нь амьтад хэвээр л байна. Хүмүүсийн бий болгосон дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа ч амьд амьтдын данснаас бүрэн хасагдаж байгаа мянган мянган биологийн төрөл зүйлүүдийн талаарх эмгэнэлт түүх улам бүр зузаарсаар. Хөөрхий амьтдыг сүүлчийн замд нь үддэг үхлийн нэгэн шалтгаан нь дэд бүтцийн хөгжил. Тэр дундаа авто зам, төмөр замын өргөст тортой холбоотойгоор шилжилт хөдөлгөөн нь хаагдаж олноороо үрэгддэг нүүдлийн амьтдын тоо жилээс жилд хэдэн зуу, бүр хэдэн мянгаараа тоологдож байна. Өнөөдөр дэлхий дахинаа энэ асуудалд анхаарал хандуулах болсон. Монгол Улс ч ялгаагүй дэд бүтцийг амьтдад ээлтэй болгох шийдэл шийдлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд зогсохгүй түүхэнд бичигдэх ажил болж байна.
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хулан, хар сүүлт, цагаан зээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөний судалгааг олон жилийн турш хийж байна. Уг судалгаагаар Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн төмөр зам дээрх амьтдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг төдийгүй үхэл хорогдолд нь гол нөлөө үзүүлдэг болох нь батлагдсан.
Азийн сэрүүн бүс нутгийн хуурай бэлчээрт нүүдэллэж амьдардаг олон төрөл зүйлийн зэрлэг хөхтөн амьтдын ирээдүйг хамгаалахын тулд хүн бүрээс уян хатан ажиллагаа шаардаж байгааг төслийн багийнхан анхааруулдаг. Транс-Монгол төмөр зам зэрэг одоогийн байгаа дэд бүтцийг арилгах арга хэмжээ нь тогтвортой ногоон хөгжлийн санаачилгийн хүрээнд ургаш ахиулах боломжтой чухал ажил юм. Энэ төмөр замын дагуух хашаа нь олон арван жилийн турш хулан, цагаан зээрт сөргөөр нөлөөлдөг гол хүчин зүйл байсан гэдгийг хүмүүс сайн мэддэг. Шийдвэрлэх арга байгаа ч хэрэгжилт нь хүндрэлтэй байгаа юм.
Үүний дагуу тус нийгэмлэг “Зэрлэг амьтдын нүүдэл шилжилт, хөдөлгөөнийг чөлөөтэй нэвтрүүлэхэд төмөр замын торон хашааг хэсэгчлэн авах” туршилтын төслийг Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт 1200 км-т хамаарах 914 км болон 958 км-т 500 болон 700 м газруудад торны бүтцийг өөрчилсөн бөгөөд үр дүнгээ өгч эхэлснийг судалгаагаар баталгаажуулжээ. Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн хэрэгжүүлж байгаа туршилтын төслийн талаар БОАЖЯ, ЗТХЯ болон “Улаанбаатар төмөр зам” ХНН, Дорноговь аймгийн БОАЖГ-ын төлөөл болон эрдэмтэн судлаачид, нутгийн иргэдийн байр суурийг хүргэж байна.
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан:
-Байгаль экосистемийн бүтэц бүрэлдэхүүн гэдэг бүгд уялдаатай, хамааралтай оршин тогтнодог. Байгаль дээр илүүдэл зүйл гэж байдаггүй. Жишээ нь, экосистемийг нэг тоосгон байшин гэж үзье. Нэгийг нь сугалчихвал байжил байна. Хоёрыг сугалсан ч нурахгүй. Цаашаа гурав, дөрөв гээд нэмэгдээд байвал байшин нурна. Экосистем гэдэг яг ийм зүйл. Ямар нэг төрөл зүйлийн амьтан, ургамал устахад төдийлэн анзаарагдахгүй хэчнээн ч жил болчих байх. Гэтэл цаагуураа байгаль экологид ямар их өөрчлөлт орж байгаа нь нүдэнд харагдахгүйгээр өрнөж, хожим харамсахын аргагүй сүйрэлд орох нөхцөл бүрддэг. Олон улсын эрдэмтэн судлаачдын хийсэн нэг дүгнэлт байдаг. Хэрвээ дэлхий дээр зөгий уствал дөрвөн жилийн дотор дэлхий сүйрнэ гэсэн тооцоо бий. Тэгэхээр байгаль экологийн харилцан шүтэлцээ гэдгийг маш зөв ухаж ойлгох ёстой.
Бидэнд хөрөнгө мөнгөний бололцоо байдаг бол ялангуяа тал хээрийн бүсэд маш өргөн зурвасаар, зэрлэг амьтны нүүдлийн замыг зохиомлоор гүүрэн гарц, эсвэл нүхэн гарц хийх ёстой. Мэдээж нүхэн гарц хийхэд их хөрөнгө мөнгө шаардсан технологи шаардсан ажил. Гэхдээ зориглоод зүтгэвэл бололцоотой. Хөгжсөн орнуудын жишээг харахад ой хээрийн бүсэд нэлээд байна. Тал хээрийн бүсэд туршаад үзэхэд болохгүй зүйлгүй. Монгол эрдэс баялгийн зах зээлээ дагаад зүүн тийшээ, цаашлаад хоёр хөрш рүү төмөр замын сүлжээ өргөтгөх хандлагатай байна. Иймэрхүү томоохон дэд бүтцийн ажлууддаа зэрлэг амьтдад ээлтэй технологийн шийдлүүдийг өргөн ашиглаасай гэж хүсэж байна. Энэ тал дээр ч БОАЖЯ төсөл хэрэгжүүлэгч нарт байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр дамжуулаад шаардлагаа тавьж ажиллаж байгаа.
Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ш.Энхтүвшин:
-“Зэрлэг амьтдын нүүдэл шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй байлгахын тулд төмөр замын өргөст торны сөрөг нөлөөллийг бууруулах” энэхүү ажлын санаачилга нь олон жилийн өмнөх байгаль орчны олон улсын олон байгууллагуудаас эхэлсэн түүхтэй. Үүний дүнд сүүлийн гурван жилийн хугацаанд эерэг хандлага дагуулан өнөөдөр биеллээ олж, торон хашааг хэсэгчлэн авч, зэрлэг амьтдад ээлтэй байдлаар гарцыг нээж байгаа нь төслийн үндсэн зорилгын нэг юм.
“Улаанбаатар төмөр зам” ХНН манай төслийг маш сайн дэмжиж, нийт 1.2 км газарт торон хашааг авч зэрлэг амьтдад ээлтэй байх бололцоог нь бүрдүүлж өгсөнд бид их талархаж байгаа. Цаашид манай төсөл улам өргөжинө. Ялангуяа Монгол Улсад баригдаж байгаа төмөр зам зэрлэг амьтдад ээлтэй, ямар нэгэн саад тотгор учруулахгүй торон хашаагүй, эсвэл дээгүүр, доогуур гарцыг бий болгохын төлөө бид ажиллаж байна. Жишээ нь, одоогийн төмөр замын бүтэц цагаан зээр, хар сүүлтийн тархац нутгийг найман жижиг популяци болгон хуваах аюул эрсдэл тулгарч байгааг шинжлэх ухаааны академийн судлаачид тогтоосон. Ийм том эрсдэлтэй учраас байгаль хамгаалллын чиглэллийн олон орны эрдэмтэн судлаачид, байгууллагууд бараг 2008 оноос хойш хамтран ажиллаж байгаа.
Бид амьтдад зориулсан гүүрэн болон нүхэн гарц хийхсэн гэж олон жил ярьж, судалж байгаа ч санхүүжүүлэх газар олдохгүй байгаа учраас Монголд бодитоор хэрэгжүүлж чадахгүй байна. Гэхдээ урьд жилүүдийг бодвол манай төр, засгийн байгууллагууд, бодлого боловсруулагчид нүүдлийн амьтдыг хамгаалахын ач холбогдлыг ойлгодог, дэмждэг болсон. Хамгийн гол нь одоо санхүүгийн бодит дэмжлэг бидэнд чухал байна.
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын судлаач Б.Бүүвэйбаатар:
-Төмөр замын өргөст тор зэрлэг амьтдад хэрхэн нөлөөлж байгааг тогтоох судалгааг 2005 оноос илүү эрчимтэй хийж эхэлсэн. Нэг жилийн хугацаанд 250-иад цагаан зээрийн сэг бүртгэсэн байна. Сүүлд нь 2010-2011 оны зуднаар төмөр зам дагуу нийт 10000 орчим зээр үхэж хорогдсон гэсэн мэдээлэл байдаг. Бид өнгөрсөн жил хоёр хэсэгт төмөр замын өргөст торыг авч, хөдөлгөөн мэдэрдэг камер байршуулсан. Ингээд төмөр зам орчмын өргөст торонд өлгөгдөж үхсэн зээрийн сэг зэмийн судалгааг сахиулуудынхаа тусламжтайгаар тандалт хийж байна. Тандалтаас харахад төмөр замын торноос шалтгаалж хорогдсон зээрийн тоо эрс багассан дүн гарсан.
ТЗЦГ-ын Сайншанд дахь дэд хэсгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Я.Амарзаяа:
-Төмөр замын аюултай бүсийн орчмын бүс нутагт зөрчлийн тухай хуулийн 14.10-д галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ойр нутаглаж байгаа малчид болон мал бүхий иргэд аюултай бүсийн дэглэмийг зөрчихгүй байх, малаа хариулагагүй орхихгүй байх талаар тодорхой заачихсан байгаа. Мөн галт тэрэг саатуулсан, торон хашаанд мал оруулсан, дайрагдсан бол тухайн малчин өөрөө хариуцлага хүлээж, 100-н нэгжээр торгуулах заалттай. Иймд иргэд, малчдад хамгийн гол нь хариуцлагатай байвал зэрлэг амьтдыг хайрлан хамгаалахад оруулж байгаа хувь нэмэр тань юм шүү гэдгийг хэлмээр байна.
ЗТХЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Гэрэлням:
-Төмөр замын өргөст торыг хэсэгчлэн авснаар амьтдын нүүдэл шилжилт чөлөөтэй болгох нөхцөл туршилтын төслийн үр дүн эхний байдлаар бүрдэж эхэлсэн. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар нүүдэллэдэг амьтдыг хамгаалах олон улсын конвенцийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх чухал алхам болж байгаа юм. Энэ ажлын хүрээнд “Улаанбаатаар төмөр зам”, БОАЖЯ, ЗТХЯ төмөр зам дагуух өргөст торыг хэсэгчлэн авах торны бүтцэд өөрчлөлт хийх зэрэг томоохон ажлыг дэмжин хамтран ажиллаж байна.
Дорноговь аймгийн Өргөн сумын 2 дугаар багийн малчин Б.Батбямба:
-Төмөр замын дагуух өргөст торыг авснаас хойш амьтандаа хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Цагаан зээр лав замынхаа зүүн талд орж ирж ус уучихаад эргээд баруун тал руу гарч байгаа нь харагддаг болсон. Малчдын хувьд өдрийн цагт малаа харчихна. Харин шөнө хэцүү, ялангуяа салхи шуургатай үед зам руу орчих гээд байдаг.
УБТЗ-ын 4-р ангийн дарга А.Оргодол:
-Төмөр замыг 1956-1957 оны үед барихад зэрлэг амьтдыг хамгаалах асуудал хөнддөггүй үед баригдсан байгууламж. Харин өнгөрсөн жил Сайншандаас Алтанширээ тавьсан 27, 18 км-ын замд мал, амьтдад зориулалсан нүхэн гарц хйисэн. Аливаа төсөл хэрэгжүүлэхэд байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийдэг. Үнэлгээнд амьтдын хөдөлгөөнийг саадгүй болгох нөхцөлөөр хангах зэргийг тусгах нь маш чухал. Цаашид шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд тулгуурлан зэрлэг амьтдын гарц, нүүдлийн замыг саадгүй болгох тал дээр төсөл хэрэгжүүлэгчидтэй хамтраад ажиллах, тухай бүрт шийдвэрлээд явах бүрэн боломжтой.
Дорноговь аймгийн Өргөн сумын 2 дугаар багийн малчин У.Энхмаа:
-Ер нь зэрлэг амьтдаа хамгаалах нь зөв гэж боддог. Энэ хавийн торыг аваагүй байхад зээр голдуу орооцолдож үхээд байдаг байсан.
Дорноговь аймгийн БОАЖГ-ын дарга Д.Сүрэн:
-Монгол юугаараа бахархдаг вэ. Энэ онгон байгалиараа бахархдаг. Ийм сайхан онгон байгалийг мэдрэх гэж гадаадынхан Монголыг зорьж ирнэ. Магадгүй ирээдүйд зөвхөн манайд зэрлэг амьтдын зоопарк үзэхээр ирдэг болно гэж би боддог. Иймд бид цаг алдалгүй зэрлэг амьтдаа хамгаалж, байгалийн зоопарктай байх боломжоо бид алдаж болохгүй гэв.
“Оюутолгой” ХХК-ийн Амьтан судлалын мэргэжилтэн Л.Мягмаржав:
-Нүүдлийн амьтдыг хамгаалах төслийг цаашдаа үргэжлүүлэх боломжтой. Харин амжилттай, үр дүнтэй хэрэгжихэд малчид, ард иргэдийн оролцоо маш чухал. Зөвхөн нэг компанийн, нэг байгууллагын төсөл гэж харахаасаа илүү тухайн малчдын, тухайн байгаль орчны газрын, тухайн орон нутгийн байгаль орчин, амьтдаа хамгаалах үйлс гэж ойлгохын бол цаашид тогтвортой аваад явах боломжтой гэлээ.
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:
-Цаашдаа зам тээврийн салбар маань өөрөө маш томоохон бүтээн байгуулалтуудыг төлөвлөсөн. Баруун, зүүн босоо, одоо төвийн, хойд гээд олон төмөр замын коридорууд барихаар төлөвлөж байна. Энэ ажлуудад бид амьтан, малын гарах гарцуудыг анхнаас нь тусгаж байгаа. Жишээ нь, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 434 км төмөр замд мал, амьтанд зориулсан 10 гарц төлөвлөөд, баригдаж байна. Мөн “Улаанбаатар төмөр зам”-ын Дорноговь аймгийн нутагт харъяалагдаж байгаа хоёр хэсэг дээр эхний ээлжинд 1200 метр орчим торон хашааг аваад байна. Цаашдаа ч өргөст торуудыг үе шаттайгаар авч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлийн ажлуудыг давхар хийгээд явна.
Хүн ам улам бүр өсөн нэмэгдэж замын ачаалал ихсэхийн хэрээр бусад оронд тулгараад буй авто замын осол зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах асуудал өнөөдрийхөөс ч илүү хурцаар тавигдах нь мэдээж. Яг одоо ч бид өргөст торонд өлгөгдөж үхсэн, зам дээр дайруулсан мал амьтдын сэг зэм, тарчлан зовох амьтдын аврал эрсэн өрөвдмөөр төрхийг харж болно. Хамгийн гол нь үүний цаана хүний амь нас байгалиа хамгаалах ногоон хөгжлийн тулгуур бодлого байгаа гэдгийг мартаж болохгүй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.