Чехийн хөрөнгө оруулагчдыг Монголд үйл ажиллагаа явуулахад нь бүх талаар дэмжихээ илэрхийлэв
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин энэ сарын 8-нд Чехийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Чех, Монголын Парламентын бүлгийн дарга С.Берковецтой Прага хотноо уулзав.
Уулзалтаар хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж ирсэнийг тэмдэглэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хэлэлцээрийг соёрхон батлуулах, Монголын оюутан залуусыг Чех улсын Засгийн газрын тэтгэлгээр сургах асуудлыг сэргээх, Парламентын найрамдлын бүлгийн гишүүд болон бизнес эрхлэгчдийн хамт Монголд айлчлахаар төлөвлөж буйгаа Төлөөлөгчдийн танхимын гишүүн С.Берковец мэдээлэв.
Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс цар тахалтай холбоотой хориг, хязгаарлалтыг цуцалж, хилээ бүрэн нээсэн тухай болон эдийн засгаа сэргээх бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлж, Чехийн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад монголын тал бүх талын дэмжиж, хамтран ажиллахаа нотлов.
Мөн дэд сайд Б.Мөнжин Чехийн Үйлдвэр, худалдааны дэд Э.Кожушниктэй уулзаж, Монгол, Чехийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа цар тахлын дараах нөхцөл байдалтай уялдуулан худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, тээвэр, логистикийн хүндрэлийг даван туулах зэрэг асуудлаар санал солилцов.
Түүнчлэн Чехийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, цар тахлын дараах эдийн засгийг сэргээх бодлого, Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулав. Тэрээр Засгийн газар эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл зэрэг эдийн засгийн чухал салбарыг бэхжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцолж, Чехийн хөрөнгө оруулагчдыг Монголд үйл ажиллагаа явуулахад нь бүх талаар дэмжихээ илэрхийлэв. Уулзалтад Чехийн барилга, хүнс, хөдөө аж ахуйн техник технологи, фермерийн аж ахуй, телемедицин, хаягдал ус цэвэршүүлэх, хаягдал мод боловсруулах, ойжуулах, хэт хөнгөн нисэх онгоц үйлдвэрлэгч, уул уурхай зэрэг салбарын 20 орчим бизнес эрхлэгч оролцлоо. Ирэх намар Чех, Монголын ээлжит бизнес форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар мөн ярилцав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.