Хятадад халдварын шинж тэмдэггүй 1541 хүн эмнэлгийн хяналтад байна

Хятадад халдварын шинж тэмдэггүй 1541 хүн эмнэлгийн хяналтад байна

БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ-д даваа гаргийн байдлаар коронавирусний халдварын шинж тэмдэггүй 1541 хүн эмнэлгийн хяналтад байгаагаас 205 нь хилийн чанадаас ирсэн гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс мягмар гарагт мэдээллээ.


Хятад улс өнөөдрөөс халдварын шинж тэмдэггүй вирус тээгчдийн мэдээллийг танилцуулж эхэлж байгаа юм. Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, халдварын шинж тэмдэггүй хүмүүс ч мөн олон хүнд халдвар тараах магадлалтай ажээ.  


“Халдвар авсан хэдий ч шинж тэмдэг илрээгүй байгаа хүмүүсийн учруулах эрсдэл нэмэгдэж буйтай холбоотойгоор манай улс лхагва гаргаас ийм төрлийн хүмүүсийн тоо, нөхцөл байдлын талаар мэдээлж эхэлнэ" гэж тус комиссын Халдварт өвчнийг хянах товчооны дарга Чан Жилэ мягмар гарагт мэдэгджээ. Тус улсад өмнө нь ийм хүмүүсийг нийт тоон үзүүлэлтэд оруулдаггүй байсан юм.


Одоогийн судалгаануудаас үзэхэд шинж тэмдэг илрээгүй хүмүүс халдвар тараах эрсдэлтэй хэмээн үзэж байгаа боловч энэ талаар цаашид нарийвчлан судлах шаардлагатай байгаа юм. Зарим судлаачийн үзэж буйгаар, ханиах, найтаах зэрэг шинж тэмдэг илрээгүй хүмүүсийн халдвар тараах эрсдэл батлагдсан тохиолдлуудынхаас харьцангуй бага байх магадлалтай аж.


Чан Жилэгийн мэдэгдсэнээр, халдварын шинж тэмдэг илрээгүй хүмүүс болон тэдний ойрын хавьтлуудыг 14 хоног тусгаарлах бөгөөд шинж тэмдэггүй хүмүүсийн давтан шинжилгээний хариу сөрөг гарах хүртэл тусгаарлалтаас гаргахгүй ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.