БНСУ-ын тамирчин Чул Сун Монгол Улсыг сурталчлах, контент бэлтгэхэд хамтран ажиллана

БНСУ-ын тамирчин Чул Сун Монгол Улсыг сурталчлах, контент бэлтгэхэд хамтран ажиллана

Аялал жуулчлалаар дамжуулан Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийн тулд шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Тухайлбал, БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх асуудал Гадаад харилцааны яамнаас эрхлэх асуудлын хүрээнд шийдэгдэх шатандаа явж байна. Энэ ажлын үр дүнд БНСУ-аас Монгол улс руу жуулчлалаар ирэх хүний тоог 300 мянгад хүргэх зорилтыг тавьж байгаа билээ.

Уг зорилтод бүрэн хүрснээр Монгол улсад орж ирэх гадаад валютын урсгал 362,400 мянган ам доллар буюу 1 их наяд орчим төгрөгийн орлого эдийн засагт орох боломжтой төдийгүй энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 5.2 хувийг бүрдүүлэх хэмжээний эдийн засгийн эерэг нөлөөллийг үзүүлэх урьдчилан тооцоолол гараад байгаа билээ.

Энэ зорилтын хүрээнд Монгол Улсыг гадаадад сурталчилах ажлыг эрчимжүүлэх шаардлага байгаа юм. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2021.04.28/ БНСУ-ын алдартай бодибилдингийн тамирчин CHUL SOON -ыг хүлээн авч уулзаж,   Монгол Улсыг гадаадад сурталчлах, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Спортын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд БНСУ-ын алдарт тамирчин Hwang Chul Soon хамтран ажиллаж, бодибилдингийн спорт, тулааны урлагаар дамжуулан хоёр улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтойг алдарт тамирчин хэлж байлаа. Түүнчлэн Монгол Улсад хоёр дахь удаагаа зочилж байгаа тэрбээр ирэх наймдугаар сард оролцох тэмцээний бэлтгэлээ манай улсад хийхээр төлөвлөж буй аж.

Өвөрмөц тогтоц бүхий Монгол орны онгон зэрлэг байгалийн үзэмж түүнийг манай улсад дахин зочлох шалтгаан болсон гэж тэрбээр уулзалтын үеэр онцолж байсан юм. "Азийн Арнольд Шварценеггер" гэгддэг тэрбээр фэйсбүүкт 2 сая, инстаграмд  1.6 сая, youtube хуудаснаа 500 гаруй мянган дагагчтай, Азийн болон дэлхийн бодибилдингийн шилдэг тамирчин юм.

Тус уулзалтад БОАЖ-ын сайд, БОАЖЯ-ны Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, МАЖХ-ны дэд Ерөнхийлөгч С.Амгаланбат нар оролцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.