Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Төсвийн байнгын хороо энэ сарын 27-нд хуралдаж, дээрх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан гэдгийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор чуулганд танилцуулсан. Байнгын хороо зүарим төсөл, хөтөлбөрийн зардлыг нэмэх шаардлагатай бол мөн хэмжээгээр бууруулах зарчмыг баримтлан Засгийн газрын өргөн мэдүүлсэн түвшинд нь төсвийн орлого, зарлагын хэмжээг барьж дараах зүйлүүдийг төсөлд тусгах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг тэрбээр онцолсон. Тухайлбал, Гадаад зээл тусламжийн ашиглалтын зардлыг 16 тэрбум 400.2 сая төгрөгөөр бууруулах, Хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн хэрэгжилтийн явц байдалтай уялдуулан зарим төсөл хооронд зохицуулалт хийх, Төрийн зарим байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах боломжийг хангах үүднээс зарим санхүүжилтийг тусгах саналуудыг гаргасан гэдгийг Д.Өнөрболор гишүүн танилцуулгадаа онцоллоо. 

Дараа нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Төсвийн байнгын хорооны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналд хийсэн дүн шинжилгээний талаар УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн явцад улсын төсвөөс санхүүжүүлэх төсвийн хөрөнгө оруулалтын 65 төслийн 2022 онд санхүүжих дүнг 47 тэрбум 761.2 сая төгрөгөөр, Шүүхийн сахилгын хорооны урсгал зардлыг 425.5 сая төгрөгөөр тус тус нэмж, төсвийн нийт зардлын хэмжээг 48 тэрбум 186.7 сая төгрөгөөр нэмэх саналыг дэмжсэн байна. Санхүүжилтийн эх үүсвэрийг Гадаад зээл, тусламжийн санхүүжилтээс 16 тэрбум 400.2 сая төгрөгөөр, мөн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдалтай уялдуулан 32 төслийн санхүүжих дүнг 31 тэрбум 786.5 сая төгрөгөөр тус тус бууруулах зохицуулалтын санал гарснаар Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6.а-д заасан зарчимд нийцэж, төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг нэмэгдүүлэхгүй байх нөхцөлийг хангасан байна" гэв. 

Үргэлжлүүлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд төсвийн тодотгол хийх 5 үндэслэлийг маш тодорхой зааж өгсөн байдаг боловч энэ удаагийн тодотгол ямар заалтыг үндэслэж өргөн баригдсан нь бүрхэг байгааг УИХ дахь АН-ын бүлгийн дарга танилцуулгадаа дурдлаа. Тэрбээр, "Өргөн барьсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн нэг болох төсвийн урсгал зардал ердөө 39.1 тэрбум төгрөг хэмнэгдэх тооцоо хийсэн. Төсвийн хөрөнгө оруулалтын хувьд энэ онд өргөн барьсан хоёр тодотголын нийлбэр дүнгээр 516.9 тэрбум төгрөгийн арга хэмжээ хасагдсан боловч төслийн нийт өртөг 6 их наяд 292.7 тэрбум төгрөгөөс 6 их наяд 90.4 тэрбум төгрөг болж ердөө 200 тэрбум төгрөгөөр л багассан. Мөн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч 15.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага ч энэ хэмжээнд буурч 17.9 их наяд төгрөг, харин нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээ 2.4 их наяд төгрөг буюу өмнө батлагдсан түвшиндээ хэвээр байх тооцоо хийснээс харвал тодотголд ямар нэгэн дорвитой өөрчлөлт орсонгүй" гэж байлаа. 

Ингээд дээрх хуулийн төслүүдийн улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт дүнд өөрчлөлт оруулахгүйгээр, нэр, байршил, хүчин чадал өөрчлөх, бусад асуудалтай холбоотой Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 15 саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.