Монголд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн ажилтнуудыг ойрын хугацаанд хилээр нэвтрүүлнэ

Монголд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн ажилтнуудыг ойрын хугацаанд хилээр нэвтрүүлнэ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны орлогч дарга, ӨЗО-ы тэргүүлэгч Ван Лишятай энэ сарын 28-нд уулзав.

Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон хилийн боомтуудын төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг уялдуулах, тээвэр ложистик, боомтуудын хэвийн ажиллагааг хангах, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэх талаар санал солилцов.

Мөн “Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр”-ийн хүрээнд хоёр талын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг харилцан уялдаатай хөгжүүлэх монголын саналыг хятадын талаас дэмжив. Талууд “Ногоон гарц”-ын түр журмын хүрээнд Монголд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн ажилтнуудыг ойрын хугацаанд хилээр нэвтрүүлэхээр тохиролцож, Улаанбаатар- Хөххот-Улаанбаатарын зорчигч тээврийн нислэгийг сэргээх талаар идэвхтэй хамтран ажиллахаар болов.

Хятадын тал халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, боомтын хэвийн ажиллагааг хангах, шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалтад 429 сая юанийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Монгол Улсыг халдвар хамгааллын дэглэмээ улам чангатган ажиллахыг хүсэв.

Элчин сайд Т.Бадрал Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал боомт болон орон нутгийн удирдлагатай өнөөдөр цахим уулзалт хийхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.