Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн мэдүүллээ.
УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”, УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулжээ.
“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас 2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны зорилт, арга хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар нийт 23.5 их наяд төгрөгийн 643 арга хэмжээний санал ирүүлснээс Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн нөөц боломжтой уялдуулан нийтдээ 15 их наяд 137 тэрбум 7 сая төгрөгийн санхүүжилт бүхий 18 зорилт 75 ажил тусгасан.
Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 887 тэрбум 663 сая төгрөг, гадаадын зээл, тусламжаар 1 их наяд 646 тэрбум 452 сая төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 6 их наяд 34 тэрбум 196 сая төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4 их наяд 197 тэрбум 236 сая төгрөг, бусад эх үүсвэрээс 951 тэрбум 458 сая төгрөгийн санхүүжилт бүхий ажлыг төлөвлөсөн байна.
Харин Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалд тус хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2023 оны төсвийн зарлагын хязгаар, 2024-2025 оны дунд хугацааны зарлагын хязгаарын төсөөлөл болон Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.