Дагуул хотуудыг хөгжүүлэхэд олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана
Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсын SATHY компанийн захирал Шанто Павиныг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг байгуулахад хамтарч ажиллах асуудлаар санал солилцсон юм.
SATHY компанийнхан “Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулахад барилга байгууламж, иж бүрэн зураг төсөл, архитектур, газар зүйн оновчтой шийдэл бүхий хот төлөвлөлтийг хийхэд манай мэргэжлийн баг хамтран ажиллахад бэлэн байна. Бид эдийн засгийн тооцоололтой, хүнд ээлтэй, орчин үеийн шийдэлтэй хот төлөвлөлтийг хийхийг зорьж ажилладаг. Байгальд ээлтэй эко төслүүд хэрэгжүүлж ирсэн. Хот төлөвлөлтийн төслүүд дээр ажиллахдаа чанарыг эрхэмлэдэг” гээд дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах төслүүдэд хамтарч ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлэв. Мөн Парисын Эйфелийн цамхгийн ландшафтын дахин төлөвлөлт, цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэх, амралт, зугаалгын болон үйлчлүүлэх хэсгүүдийг шинээр бий болгох төслийг амжилттай хэрэгжүүлсэн гэдгээ онцолсон юм.
Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан “Хот төлөвлөлт, архитектурын чиглэлд олон улсад туршлагатай, амжилттай төслүүд хэрэгжүүлсэн компанитай хамтарч ажиллахаар болсондоо баяртай байна. Та бүхний туршлага бидэнд хэрэгтэй. Цаашид үе шаттай ажлуудыг хийж, хамтарч ажиллана. Эхний ээлжид бидний төлөвлөж буй Буянт-Ухаа, Налуу-Ухаа, Эмээлт-Аргалант зэрэг дагуул хотын төлөвлөлт, архитектур, судалгааны чиглэлээр хамтарч ажиллах нь зүйтэй гэж харж байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд талууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллагуудтай хамтарч дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн судалгаа, төлөвлөлт, архитектурын ажлыг хийхээр санал нэгдсэн юм.
НИЙСЛЭЛИЙН ДАГУУЛ ХОТ, ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.