“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зохион байгуулна

“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зохион байгуулна

Өнөөдөр /2022.05.03/ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас дэлхий нийтэд танилцуулдаг “Хэвлэлийн эрх чөлөөний индекс” жагсаалтад Монгол Улс өнгөрсөн онд 180 орноос 68 дугаарт байрт жагсаж, хэвлэлийн хагас эрх чөлөөтэй буюу мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд багтсан хэвээр байсан билээ.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан өнөөдөр хэд хэдэн арга хэмжээ болох юм.

  • Тухайлбал, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс  Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газартай хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг  “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд Соёлын төв өргөөнд зохион байгуулна.
  • Мөн “Глоб Интернэшнл” төв ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр 11:00-13:00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулна.

Дашрамд, “Глоб интернэшнл” төвөөс гаргадаг "Хэвлэлийн эрх чөлөөний тайлан 2021”-ээс хуульч Б.Пүрэвсүрэнгийн эшлэснийг  хүргэе.

“Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эдийн бус гэм хорын хохирол учруулсантай холбоотойгоор 2021 онд иргэний хэргийн шүүхээс шийдвэрлэгдсэн 54 хэрэг байна.

Нээлттэй цахим сан болох Shuukh.mn сайтаас эдийн бус гэм хорыг арилгах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой анхан шатны 29, давж заалдах шатны 9, хяналтын шатны 2, нийт 40 шүүхийн шийдвэрийг байршуулсан байна.

Шүүхээс шийдвэрлэгдсэн хэрэгт нэхэмжлэл гаргагчдын 30% нь төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллага байгаа бол 22.5% нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг хариуцагчаар тодорхойлсон нэхэмжлэл байгаа юм.

Нэхэмжлэгч талаас сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад гаргаж буй эдийн бус гэм хорыг арилгах хохиролд ойролцоогоор 13,650,000 /арван гурван сая зургаан зуун тавин мянган/ төгрөг нэхэмжилсэн байна.

Эрүүгийн хуульд 2020.01.10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулснаар 13.14 дүгээр зүйлээр “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг шинээр нэмсэн. Худал мэдээлэл тараах гэмт хэрэгтэй холбоотойгоор 2021 онд шийдвэрлэгдсэн 15 хэргийн хоёр нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эсрэг гаргасан гомдол байна.

Үүний нэгд нь УИХ-ын гишүүнээс гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсэж, улмаар сэтгүүлчийг нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн бол, үлдсэн нэгд нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Эрүүгийн хэргийн хувьд шүүхээс оногдуулсан мөнгөн торгуулийн дээд хэмжээ нь 1,300,000 төгрөг байв. Мөн энэхүү хэрэгт шалгагдаж байх хугацаандаа таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 2-11 хоногийн хугацаатай цагдан хоригдсон тохиолдлууд гарсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу цагдан хоригдсон нийт хугацааг торгох ялын дүнгээс хасаж, 835,000 төгрөгийн торгох ял иргэнд оногдуулсан байна.

1999-2021 онд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон гүтгэлэг, доромжлол, илт худал мэдээлэл тараахтай холбоотой шүүхээс шийдвэрлэгдсэн нийт 1146 иргэний болон эрүүгийн хэргийн 42% сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдож байна.

Тодотгоход, иргэн та бид мэдээлэлтэй байх эрхтэйг Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Монгол Улсын Үндсэн Хуулийн 3-р зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн байдаг.

“Глоб Интернэшнл” төвөөс үүнийг тайлбарлахдаа, Төрийн хэрэгт шууд оролцохын тулд иргэн төлөөлөлтэй байх эрхтэй, үйлдэл хийх эрхтэй, мэдэх эрхтэй. Мэдэх эрх нь мэдээлэл хайх, олж авах, хүлээн авах, түгээх бүлэг эрхээр дамжин хэрэгждэг. Мэдээлэлгүй иргэн өөрийн төлөөллийг зөв сонгож чадахгүй. Та дөрвөн жилд сонгуульд оролцож, саналаа өгснөөр өөрийнхөө эрх мэдлийг өөрийгөө төлөөлсөн хүнд найр твин шилжүүлж байгаа юм. Ингэхдээ эргээд хяналт тавигүй бол тэднийг дуртайгаа хийж, дур зоргоороо авирлаж болно гэж хүлээн зөвшөөрөөд бараг захиа далгавар өгсөнтэй адил болно. Тиймээс таны үйлдэл хийх эрх төрийн аливаа хэргийг шүүмжлэх, эсэргүүцэх, шийдвэр гаргахад оролцох, таны санал бодлыг зайлшгүй сонсох нөхцөл бүрдүүлдэг. Гэвч мэдээлэлгүй бол та энэ эрхээ эдэлж үл чадна. Иймд мэдэх эрх бол таны шууд оролцооны суурь эрх мөн. Иймээс мэдээлэл бол эрх мэдэл юм. Ийм учир аль хэр олон хүн сайн мэдээлэлтэй байна, тэр хэмжээгээр олноороо эрх мэдэлтэй болно. Мэдээлэлгүй хариуцлага гэж байхгүй” хэмээн тодотгож байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.