АИ-92 шатахууны үнийг 5,6 сард ₮2390-д барих хэлцлийг “Роснефть”-тэй хийсэн
Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас шатахууны нийлүүлэлт, үнийн асуудлаар мэдээлэл хийж байна./2022.05.03/
Тус яамны дэд сайд О.Батнайрамдал дөрөвдүгээр сарын сүүлчээр ОХУ-д ажиллаж, "Роснефть” компанийн удирдлагуудтай уулзсан талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Тэрбээр уулзалтын хүрээнд ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломж болон шатахууны төлбөрийг хийх нөхцөлийн талаар санал солилцсон байна.
Дэд сайд О.Батнайрамдал хэлэхдээ, “Роснефть” компанид АИ-92 автобензин болон дизелийн түлшийг хямдралтай үнэээр авах талаар санал тавьсан. “Роснефть” компаниас энэ долоо хоногийн сүүлээр хариу өгнө гэсэн. АИ-92 автобензиний үнийг 4,5,6 дугаар сард одоогийн 2390 төгрөгт барих хэлцэл хийсэн” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тэрбээр Засгийн газраас АИ-92 шатахууны гаалийн татварыг ирэх наймдугаар сар хүртэл тэглэснийг дурдлаа.
Сануулахад, ОХУ-Украины асуудал үүссэний дараа буюу өнгөрсөн гуравдугаар сарын эхээр УУХҮ-ийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал болон албаны бусад хүмүүсээс бүрдсэн Ажлын хэсгийн гишүүд “Роснефть”-тэй гэрээ байгуулахаар ОХУ-д ажилласан. Тухайн үед шатахууны үнэ бус нийлүүлэлтийн тогтвортой байдлын талаар тухайлан ярилцсан гэсэн мэдээллийг Г.Ёндон сайд өгч байв. Тэгвэл энэ удаад манай талаас үнийн асуудлаар санал тавьж, ярилцжээ.
Тодотгоход, улсын хэмжээнд энэ сарын 28-ны өдрийн байдлаар нийт 133,084 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10,804 тонн, АИ-92 автобензин 43,860 тонн, АИ-95 автобензин 8,255 тонн, ДТ 65,438 тонн байна. Хоногийн хэрэгцээгээр тооцвол ба АИ-92 автобензиний 33, АИ-95 автобензиний 62 хоногийн, А-80 автобензиний 65, ДТ-ний 24 хоногийн нөөцтэй байгаа аж.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 71,617 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,544 тонн, АИ-92 автобензин 24,779 тонн, АИ-95 автобензин 4,074 тонн, ДТ 35,834 тонн байгаа ба АИ-92 автобензиний 26, АИ-95 автобензиний 56, ДТ-ний 33 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.