“Тоёота” автомашины үнэ 500 мянгаас хоёр сая төгрөгөөр нэмэгдэнэ гэв
-Өчигдрийн байдлаар бэлэн мөнгөөр худалдан авалт хийвэл 500-800 мянган төгрөг татаж байсан хэдий ч энэ сарын сүүлчээр япон автомашин үнэд орно гэдгийг ченжүүд хэлж байна-
Хаалгаар нэвтрэнгүүт 1000 төгрөгийн авто зогсоолын хураамж авч, хаа нэгтээ “Автомашиндаа хар өнгийн тень наалгах уу” хэмээх уриа мэт үгсээр угтах “Да хүрээ” автомашины худалдааны төрөлжсөн захаар зочиллоо. Зах дотор “Тоёота” маркийн зүйл бүрийн автомашинууд нүд хужирлана. Цагаан, саарлаасаа илүү хар, улаан гээд өвөрмөц сайхан өнгөтэй байх тусмаа л үнэд орно. Хэрэглэгчдийн хамгийн их худалдан авдаг автомашины тоонд зүй ёсоор орох болсон тоёото приус 20 нь 13-14.5 сая төгрөг, тоёота приус 30 нь 14-18 сая төгрөгийн үнээр худалдаалагдаж байлаа. Ихэнх автомашины шилэн дээр үйлдэрлэсэн он, хөдөлгүүрийн хүч чадал, зарж буй хүнийх нь утасны дугаар, автомашины онцлогийг тусгайлан бичиж наасан байна.
Хэрэглэгч автомашиныг банк болон банк бус санхүүгийн байгууллагын лизингээр аль эсвэл шууд бэлэн мөнгө төлөөд худалдан авч болно. Бэлэн мөнгөөр худалдан авалт хийвэл хэн хэндээ л хожоотой наймаа болох шинжтэй. Үндсэн үнээсээ дунджаар 500-800 мянган төгрөг лав буулгах гэнэ. Худалдан авагч бага байгаа учраас импортоор орж ирж байгаа үнээрээ шахуу зарж байна. Ам.доллар, юаны ханш өссөн шүү дээ. Оны өмнө 17.5 сая төгрөгөөр зарж байсан автомашиныг одоо 15.5 сая төгрөгт өглөө” гээд л автомашины үнээ 500 мянгаас хоёр сая төгрөгт хүртэл танаж ярих ченжтэй таарлаа. Хоёр гурваараа, найз нөхөд, гэр бүлийнхний хамтаар автомашин сонирхож явах хүмүүстэй хааяа нэг таарахаас бусдаар “Да хүрээ” зах эл хуль байна. Ченжүүд ч гэсэн “Тийм машин аваарай, төдий хэр төгрөгийн үнэтэй шүү” хэмээн рекламдахаас илүүтэй зарж буй автомашин дотроо “нуугдаастай”.
Нэрээ хэлэхгүй гээд цааргалснаа өөрийгөө Х.Батаа хэмээн танилцуулсан ченж эр “Энэ сард Япон улсаас орж ирж байгаа автомашинуудын үнэ 500 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд нэмэгдэнэ” гэсэн шинэ мэдээллийг өглөө. Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа энэ асуудал гуравдугаар сарын эхээр яригдаж эхэлсэн. Хилээр орж ирэх үнэ нэмэгдэхийн хувьд нэмэгдэнэ. Энэ талаар ченж бүр л ярьж байна. Гэхдээ Япондоо бүрэн оношилгоонд орсон автомашинууд орж ирэх учраас үнэ дагаж чанар сайжирна. Харин одоо зарагдаж байгаа автомашинуудын хувьд бага зэрэг үнээ бууруулж байгаа нь нэмэгдэлгүй үнээр орж ирсэн учраас тэр” хэмээсэн юм. Ганц Х.Батаа ченж гэлтгүй тоёота автомашин худалдаалдаг ченжүүд “Удахгүй, дөрвөн сардаа, ингэсгээд автомашины үнэ нэмэгдэнэ. Тодорхой болсон асуудал” гэж ярьцгааж байсныг онцолмоор. Үнэ нэмэгдэх мэдээг алмайрч сонсох зуурт “Автомашины шалавч, суудлын бүрээс авбал улсын дугаарын суурь үнэгүй өгнө. Сонирхоод үзээрэй” гээд жижиг танилцуулгыг хэн нэгэн надад атгуулчихав. Ингээд Х.Батаатай лизингийн автомашины талаар үргэлжлүүлэн ярилцлаа. Банкны лизингээр автомашин худалдан авахад хөөцөлдлөгөө их гардаг. Тиймээс хялбараар нь банк бус санхүүгийн байгууллагын арай өндөр хүүтэй лизинг санал болгохоос өөрцгүй байдаг аж. Ихэнх хүн лизингээр авна уу гэхээс бэлэн мөнгөтэй нь цөөхөн.
Ингэж авахад автомашины урьдчилгаа 30 хувийг төлөөд нотолгоо шаардахгүйгээр хотын оршин суугч гэсэн иргэний үнэмлэх, зургаан сарын банкны дансны хуулга байхад л хангалттай. 36 сар буюу гурван жилийн лизингээр банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ хийж болдог гэнэ. Иргэдийн хувьд авах гэсэн автомашинаа сонгоод урьдчилгаа хэдэн төгрөгтэй байхад л болох нь ээ. Сонгинохайрхан дүүргийн иргэн А.Мандахнараас ямар автомашин сонирхож явааг нь асуухад “15 сая төгрөгт тааруулж приус автомашин авах санаатай. Уг нь тоёота приус 40, 41 маркийн цэмбэгэр автомашинууд харлаа. Гэхдээ үнэтэй байна. Багадаа 19 сая төгрөгт өгөх гэнэ. Салон нь цагаан өнгөтэй зай талбай их, тохилог тухтай, мэр сэр нэмэлт тоноглолуудтай болоод ирэхээрээ нэгээс хоёр сая төгрөг нэмэгдэж байна. Приус 40 нь долоон хүний суудалтай, приус 41 нь таван хүний суудалтай гэдгээрээ ялгаатай гэнэ. Мэдээж он залуу байх тусмаа үнэд орох юм. Цагаан салонтой приус нь Япон улсдаа үнэтэй зарагддаг гээд хоёроос гурван саяаар илүү үнэтэй байна. Маргаашнаас 22-ын товчоо орж автомашины үнэ сонирхоно. Олон жил хурааж хуримтуулсан мөнгөөрөө авах гэж байгаа учраас харьцуулж үзээд хямдыг нь авна” гэлээ. А.Мандахнарын ярианаас иргэд автомашин авахдаа нэлээд судалдаг бололтой гэсэн дүгнэлтэд хүрэв.
Дараа нь захын гол хаалгаар гараад зам дагуух солонгос автомашины худалдаагаар ороод гарлаа. Солонгос улсаас орж ирсэн газ соната 6 автомашин зургаагаас найман сая төгрөг, газ соната 7 автомашин 12-13 сая төгрөг, бензин хөдөлгүүртэй болоод ирэхээр дунджаар 21 сая төгрөг, “Мусо” 7-8 сая төгрөг, портер автомашин 12-14 сая төгрөг, “Бонго” автомашин 16-18 сая төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан юм. Худалдагч А.Баттөгс “Солонгос автомашинуудын үнэ буугаагүй. Гэхдээ авах хүнд яриад өгнө. Манай дэлгүүр НӨАТ өгдөг” гэлээ. “Да хүрээ” захын ойролцоох автомашины худалдаагаар явж байтал өөрийгөө ченж биш, “Унаж байсан автомашинаа хямд зарах гэтэл ченжүүд ямар нэг аргаар үнийг нь буулгаад байх юм” гэсээр 40 гаруй насны ах надтай мэнд мэдэлцлээ. Үнэ, чанарыг нь лавлаад асуутал “Ахад нь хоёр зарах приус байна. Приус 30 нь 2019 оны тавдугаар сард орж ирсэн. Орж ирээд жил ч болоогүй 16 саяаар авсан автомашин учраас 13 сая төгрөгт их хямд үнээр өгнө. Ченж нарт зарахаар үнэ буулгаад байх юм. 2009 оны гялгар приус 20-ыг бэлэн мөнгөөр авна гэвэл есөн сая төгрөгт өгнө. Зөвхөн хотод унасан. Ямар ч дуу байхгүй. Аль нэгийг нь зараад “Сонота 7” авч унах санаатай” хэмээн учир байдлаа тайлбарлав. Өөрийгөө ченж биш гэж танилцуулсан хэдий ч “Да хүрээ” захын автомашины үнэ, нөхцөл байдлыг айхтар сайн мэдэж байсан энэ хүнийг хэн байсныг би мэдээгүй ч худалдан авалт хийхдээ зөв ченж сонгохын чухлыг ойлгосон юм.
“Да хүрээ” захын нөхцөл байдлыг ажисны дараа 6000 автомашины зогсоолтой авто худалдааны цогцолбор гэгдэх 22-ын товчооны шинэ техникийн зах дээр нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа. Автомашин худалдааны оргил үе бол тавдугаар сараас наймдугаар сар. Нэмээд цагаан сар, наадам, шинэ жил гээд баяр ёслолын үеэр борлуулалт илт нэмэгдэх нь зайлшгүй. Жишээлбэл, наадам дөхөхтэй зэрэгцээд худалдан авалт сайжирч нэг ченж өдөрт 7-8 автомашиныг өлхөн зардаг сайхан цаг улиран оджээ. Тус техникийн захад 14 орчим улсын дугаар гаргадаг үйлдвэр байдаг аж. Одоогоор нэг үйлдвэрт өдөрт долоогоос найман автомашины улсын дугаарыг олгож байгаагаас харвал нийт 100 гаруй автомашин 22-ын шинэ техникийн зах дээр худалдаалагдаж байна.
Гаалийн бичиг бүхий шинэ автомашиныг унаж явахад торгууль ногдуулдаг болжээ
Автомашины үнийн хувьд “Да хүрээ” захтай ойролцоо. Тоёота приус 20 маркийн автомашин 14 сая төгрөг, тоёота приус 30 нь 13.5 сая төгрөг, тоёота приус 40, 41 нь 19-23 сая төгрөг, он залуужих тусмаа хоёроос гурван сая төгрөг нэмэгдэж байгаа аж. Япон улсаас орж ирэх автомашины үнэ оношилгооны улмаас нэмэгдэх төлөвтэйг ч техникийн захын ченж нар хэлсээр байлаа. “Одоо автомашины борлуулалт сайжирдаг улирал эхэлж байна. Энэ үеэр иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж, ченж нар ч илүү сайн автомашинуудыг оруулж ирдэг. Гадаад улсдаа усанд живсэн, осол аваарт орсон гээд муу автомашиныг тогтмол оруулж ирдэг ченж нар байдаг. Шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас худалдан авалт муу байгаа ийм үед “Арекс”, “Харрейр”, “Анголд” гэх мэт “Дунд гар”-ын автомашинууд болон үнэтэй автомашины борлуулалт сайжирдаг талтай. Бид нэг зогсоолыг НӨАТ-тайгаа нийлээд 2200 төгрөгөөр бодож, улирлаар нь түрээсээ төлдөг. Нөхцөл байдалтай холбоотойгоор захын удирдлагууд түрээсээс хөнгөлж байгаа. Гадаадаас импорт зогсож, үнэ буусан зүйл манай техникийн захад байхгүй. Гэхдээ нэг ченж хэдэн автомашины нөөцтэйгээс шалтгаалж автомашинаа борлуулдаг. Жишээлбэл, 70 автомашинтай ченж долоо хоногт гурваас дөрвөн автомашин зардаг бол 10 автомашинтай ченж өдөр ганц нэгийг зарах байдлаар худалдаагаа өөрсдөө зохицуулдаг” хэмээн 22-ын товчооны авто худалдааны цогцолборт ажилладаг М.Эрхэмбаяр хэлж байлаа. Энд автомашины худалдаа эрхэлдэг хүмүүст гол бэрхшээл болж байгаа нэг асуудал үүсжээ. Учрыг тодруулбал, худалдаачин, ченж нар Гааль дээрээс автомашинаа буулгаж авснаас хойш 72 цагийн дотор улсын дугаар буюу номергүйгээр “Орж ирсэн автомашин” гэсэн Гаалийн бичгээ үзүүлээд түр зорчих боломжтой байсан аж. Гэтэл Зөрчлийн тухай хууль гарснаас хойш улсын дугаар буюу номергүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохыг хориглосон гэнэ. Улмаар гаалийн бичигтэй орж ирсэн автомашинаа буулгалт дээрээс нь аваад автомашин худалдаалах зах хүртэл явах хооронд 20 мянган төгрөгийн торгууль оногдуулж, хоёр оноо хасдаг болсон байна. Үндсэн хууль болон Зөрчлийн тухай хуульд хоёр өөр зохицуулалт байгаагаас алийг нь дагахаа мэдэхээ больсноо автомашины худалдаа эрхлэгч болон ченж нар хэлж байлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.