Чанаргүй зээл өсөж, төр найдваргүй банкуудаас мөнгөө татаж эхэлжээ

Чанаргүй зээл өсөж, төр найдваргүй банкуудаас мөнгөө татаж эхэлжээ

Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлийн байдлаар арилжааны банкууд дахь зээлийн үлдэгдэл 17.2 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Үүний 17 хувь буюу гурван орчим их наяд төгрөг нь   чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд оржээ. Хугацаа хэтэрсэн гэж эргэн төлөх хугацаанаасаа 90 хүртэл хоног өнгөрсөн зээлийг үздэг бол чанаргүй ангилалд 91-ээс дээш хоног хэтэрсэн зээлийг хамруулдаг. Энэхүү муу үзүүлэлт сүүлийн хоёр сарын хугацаанд огцом өссөн болохыг тодотгох нь зөв байх. Ялангуяа Ковид-19 цар тахлын нөлөөлөл эрчимжсэн сүүлийн нэг сарын хугацаанд аж ахуйн нэгж, иргэдийн мөнгөн орлого тасалдаж, 26 мянган зээлдэгчийн төлбөрийн чадвар муудсан талаар Монголбанк мэдээлсэн. Улмаар 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүссэн байна. Үүний 65.1 хувь буюу хоёр их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, 35 хувь нь буюу 545 тэрбум төгрөг нь иргэдэд хамаарч  байгаа юм. Монгол Улсын санхүүгийн салбарын 95 хувийг бүрдүүлж буй арилжааны банкуудын байдал өнөөдөр ямар хэмжээнд очсоныг эдгээр тоон үзүүлэлтээс харж болно.   

Дээр нь төр найдваргүй банкуудаас хөрөнгөө татаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хэдхэн хоногийн төрийн өмчит компаниудад өөрийн хөрөнгийн дутагдалд орсон, чанаргүй зээлийн хэмжээ өндөр байгаа эрсдэлтэй банканд байршуулсан мөнгөн хөрөнгөө нэн яаралтай татах чиглэл өгсөн байна. Монголбанкнаас арилжааны банкуудад өөрийн хөрөнгөө эрсдэл даах хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх үүрэг, шаардлага өгч ажиллаж байгааг ч дурджээ. Гэвч зарим банк өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг хангахгүй болох, харилцагчийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа асуудал гарч байгааг тус газраас төрийн өмч захирч буй захирч буй захирлуудад хаягласан бичигт онцолжээ. Төрийн өмчит хуулийн этгээдүүдээс банкуудад байршуулсан хөрөнгийн хэмжээ тухайн банкны төлбөрийн чадвар, хөрөнгийн хэмжээтэй харьцуулахад өндөр, эрсдэлтэй түвшинд байгаа учраас эрсдэлтэй банканд байршсан мөнгөн хөрөнгийг нэн яаралтай татахыг даалгасан байна. сХэрэв эрсдэлтэй банканд мөнгөн хөрөнгө байршуулж аж ахуй нэгжийг хохиролд оруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхийг хатуу анхааруулжээ.

Эрсдэлтэй банкуудаас хөрөнгөө татах замаар урьдчилсан сэргийлсэн энэхүү арга хэмжээ өнөөгийн нөхцөл байдалд нүдээ олсон алхам байж мэдэх юм. Учир нь өнгөрсөн хугацаанд төрийн зарим өндөр албан тушаалтан санаатай ч гэж үзэж болох арга замаар татвар төлөгчдийн мөнгийг нэр бүхий банканд байршуулсан алдсан тохиолдол гарсан. Өнгөрсөн онд дампуурсан “Капитал” банк “Капитал”-аар жишээлэхэд, эзэд нь удаа дараа сануулсаар байхад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд нэг ч алхам хийгээгүй бөгөөд эцэстээ төрд асар их хэмжээний хохирол учруулсан. Тус банканд төрийн 29 байгууллагын 374.9 тэрбум төгрөг хадгалагдаж байсан. Том дүнтэй мөнгө хадгалуулсан байгууллагуудыг нэрлэхэд, Эрүү мэндийн даатгалын ерөнхий газар 136.1 тэрбум, Нийгмийн даатгалын ерөнхий газар 104 , Хөгжлийн банк 56.4, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 42.9, Сангийн яам 16.8, анагаахын сургууль 4.1, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар 3.9, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв 3.1, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 1.9, Татварын ерөнхий газар 1.5 тэрбум, "Эрдэнэт" үйлдвэр 154.7 саяын авлагатай байгаа юм.  Эдгээрээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хангаад байна. Шүүхээс нэхэмжлэгч,  Нийгмийн даатгалын ерөнхий газрын нотлох баримтуудыг үндэслэн, Нийгмийн даатгалын сангийн “Капитал банк” ХХК-д байршиж байсан мөнгөн хадгаламжийн 104 тэрбум гаргах өгөхийг даалгажээ. Үүнтэй холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан мэдэгдэлд “Капитал” банканд   2016 оны наймдугаар сараас   мөнгөн хөрөнгө нэмж байршуулаагүй бөгөөд 2017-2018 онд хугацаа дууссан “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г сунгалгүй мөнгөн хөрөнгийг хадгаламжаас харилцах дансанд шилжүүлсэн” гэдгийг онцолсон байгаа юм. Мөн өчигдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар “Капитал” банкнаас мөнгөө нэхэмжлэн шүүхдэлцсэн байна. Шүүхээс тус газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, төрийн 136.1 тэрбум төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Нөгөө талаар найдваргүй банкуудаас болж, олон зуун хадгаламж эзэмшигчид хохирч мэдэх нөхцөл байдал үүсэж, санхүүгийн салбар өөр өөрийгөө тонгорч мэдэхээр байна. Ковид-19 цар тахлын улмаас арилжааны банкууд эрсдэлд орж, хөрөнгө нь чанаргүйдсэн “Капитал” мэт жишээ цаашид ч нэмэгдэхээр байгаа. Зээлдэгчийн төлбөрийн чадвараас шалтгаалан зээлийн чанар цаашид муудахад чанаргүй зээл тэр хэмжээгээр нэмэгдэж болзошгүй. Чанаргүй зээл нь банкны актив хөрөнгийг бууруулах, банкны ашигт ажиллагаа, өөрийн хөрөнгийг хорогдуулж, улмаар банкны тогтолцооны төлбөрийн чадварт шууд нөлөөлөх үр дагавартай эрсдэлтэй эд. Улмаар арилжааны банкуудын шинэ зээл олгох эх үүсвэрийг хязгаарлаж, зээл олголт зогсох гол хүчин зүйл болж магадгүй.  Энэ нь эдийн засгийн өсөлтийг сааруулах тул тухайн улсын санхүүгийн системийн найдвартай байдал, зах зээлийн гэнэтийн таагүй нөлөөлөл, хямралын үед тогтвортой ажиллах чадварт бүр сөрөг нөлөөтэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.