БНСУ-ын хөдөлмөрийн насны хүн амын тоо буурах төлөвтэй байна
БНСУ-д төрөлтийн түвшин түүхэн доод үзүүлэлтэд хүрч, насжилт хурдацтай явагдах болоод байгаа энэ үед хөдөлмөрийн насны хүн амын тоо ирэх 30 жилийн хугацаанд 35 хувиар буурах төлөвтэй байгааг тус улсын Засгийн газраас өнөөдөр танилцуулсан тоон мэдээлэл харууллаа.
Солонгосын Статистикийн газраас танилцуулсан таамаглалд дурдсанаар, хөдөлмөрийн насны буюу 18-64 насны хүн амын тоо 2020 онд 37.38 сая байсан бол 2050 онд 24.19 саяд хүрч буурах төлөвтэй байна. Тодруулбал, энэ бүлгийн хүмүүс 2020 онд 52 сая хүн амын 72.1 хувийг эзэлж байсан бол 30 жилийн дараа 47.36 сая хүн амын 51.1 хувийг эзлэх тооцоо гарчээ.
БНСУ-д шинээр төрөх хүүхдийн тоо тасралтгүй буурч, насжилт хурдацтай явагдаж байгаатай холбоотой хүн ам зүйн сорилтуудтай тулгарч байгаа үед энэ бүрхэг хэтийн төлөв ажиглагдаж байна. Тус улсад төрөлтийн түвшин буюу нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлэх хүүхдийн дундаж тоо өнгөрсөн онд түүхэн бага буюу 0.81-д хүрсэн юм. Ингэснээр энэ үзүүлэлт сүүлийн дөрвөн жил дараалан 1-ээс доошилж буурчээ.
Мөн хөдөлмөрийн насны хүн амын тоо үргэлжлэн буурч байгаа нь улсын өсөлтийн чадавхийг алдагдуулж магадгүй байна. 2050 он гэхэд Сэжон хотоос бусад бүх 16 муж, томоохон хотын хөдөлмөрийн насны хүн амын тоо 2020 оныхоос буурах төлөвтэй байна. Түүнээс есөн муж, хотод 40 гаруй хувиар буурах төлөвтэй байгаа бөгөөд зүүн өмнөд нутгийн Ульсан, Дэгү хотод хамгийн их буюу 50.6, 49 хувиар тус тус буурах тооцоо гарчээ.
Мөн насжилт хурдацтай явагдаж байгаа нь 65 болон түүнээс дээш насны хүмүүсийн нийт хүн амд эзлэх хувийг ирэх 30 жилд эрс нэмэгдүүлнэ. 2020 онд 65-аас дээш насны иргэдийн тоо 8.15 сая байсан бол 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, 19 саяд хүрэх тооцоотой байна. Энэ насны иргэдийн тоо 2024 онд анх удаагаа 10 сая давах хандлагатай байна.
2050 он гэхэд БНСУ-ын 10 хүн тутмын дөрөв нь 65-аас дээш насны иргэд байх бол 2020 онд энэ үзүүлэлт 15.7 хувьтай байжээ. БНСУ 2017 онд 65-аас дээш насны иргэдийнх нь тоо хүн амын 14-өөс дээш хувийг эзлэх болсноор хөгширсөн үндэстэн болсон бол 2025 он гэхэд 20 хувьд хүрч, хэт хөгширсөн үндэстэн болох төлөвтэй байна.
Мөн 2050 он гэхэд энэ насны иргэд Өмнөд Жёлла мужийн оршин суугчдын 49.5 хувь, Умард Гёнсан мужийн оршин суугчдын 48.9 хувийг эзэлнэ. Түүнчлэн 2050 онд 13 муж, Сөүл, Бусан зэрэг хотуудын оршин суугчдын тоо 30 жилийн өмнөхтэй харьцуулахад буурах хандлагатай байна.
2050 онд нийслэлд оршин суух иргэдийн тоо 7.92 саяд хүрэх төлөвтэй байгаа нь 2020 оныхоос /9.62 сая/ 17.7 хувиар буурсан үзүүлэлт болохыг Статистикийн газраас мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.