БНСУ, Япон, АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар гурван талт хэлэлцээ хийхээр төлөвлөж байна

БНСУ, Япон, АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар гурван талт хэлэлцээ хийхээр төлөвлөж байна

Япон, АНУ, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд нар ирэх сард Сингапурт гурван талт хэлэлцээ хийх бөгөөд зохион байгуулалтын ажил эхэлсэн явагдаж байна.

Сингапурт болох “Шангри-Лагийн яриа хэлэлцээр” энэ жил 6 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Чжон Соп, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Японы Батлан хамгаалахын сайд Нобуо Киши оролцох төлөвтэй байгаа юм.

“Kyodo” агентлаг Японы албаны хүний хэлснийг иш татан мэдээлэхдээ, гурван талын Батлан хамгаалахын сайд нар “Шангри-Лагийн яриа хэлэлцээр”-ийн хүрээнд гурван талт хэлэлцээ хийж, БНАСАУ-ын баллистик пуужин хөөргөх зэрэг сүүлийн үеийн өдөөн хатгалгын талаар ярилцаж, энэ асуудлаарх хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэжээ.

Хэрэв гурван талт хэлэлцээ амжилттай зохион байгуулагдвал энэ нь 2019 оны 11 дүгээр сараас хойших анхны нүүр тулсан уулзалт болох юм.

Мөн энэ үеэр АНУ, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд нар хоёр талт хэлэлцээ хийх төлөвтэй байна.

“Шангри-Лагийн яриа хэлэлцээр” нь дэлхийн хамгийн том, өндөр зэрэглэлийн олон талт аюулгүй байдлын форумуудын нэг бөгөөд 2002 оноос хойш 5 эсвэл 6 дугаар сард Сингапурт зохион байгуулагдаж ирсэн.

Цар тахлын улмаас 2020 оны хэлэлцээр цуцлагдаж байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.