Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг батлав

Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг батлав

НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталлаа.

Журмын шинэчилсэн төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд НИТХ-ын ээлжилт хуралдааны үеэр танилцуулав.

Худалдаа, үйлчилгээний харилцааг зохицуулсан салбарын хууль байхгүйгээс нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн  эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлж, зохицуулахаар 2005 оноос “Нийслэлийн нутаг дэвсгэрт  худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг мөрдөж ирсэн. Журмыг 4 удаа өөрчилсөн бөгөөд энэ удаад Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбоотой шинэчлэх шаардлага тулгарсан аж. Журмыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсруулж, журмын төсөл боловсруулах ажлын хэсэгт мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл ажиллажээ. Мөн дүүрэг бүрд болон нийслэлийн хэмжээнд 7 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, 1875 аж ахуйн нэгж, иргэн хамрагджээ.

Шинэчилсэн журам 10 бүлэг, 110 заалттай, өмнөх журамд зохицуулаагүй байсан 4 төрлийн 39 ангиллыг шинэчлэн багтааснаараа онцлог юм. Тухайлбал, ая тухтай дэлгүүр, кофе шоп, саун бассейн, чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спининг, аэробикийн төвүүд/, спорт заал, спорт талбай, мөсөн гулгуур, алжаал тайлах төв, тоглоомын төв, хумс засал зэрэг үйлчилгээг багтаажээ. Худалдааны салбарын тухайд их дэлгүүр, агуулах дэлгүүр, хайпермаркет, супермаркет, минимаркет, үзэсгэлэнгийн танхим, аутлет, бутик гэхчлэн олон төрөлтэй болсныг оруулсан байна. Мөн өмнөх журамд орхисон нүдний шилний захиалга засвар, цаг засвар, эд бараа түрээслэх зэрэг ахуйн үйлчилгээний зохицуулалт нэмэгдсэн байна.

Монгол Улсын нийт хүн амын 45.3 хувь нь оршин сууж буй нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тоо нэмэгдсээр байгаа. Одоогоор нийслэлд худалдааны 7230, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 3699, ахуйн үйлчилгээний 2775, авто үйлчилгээний 1302, зочлох үйлчилгээний 789 аж ахуйн нэгж, 90 тоглоомын төв, 374 чийрэгжүүлэх болон бялдаржуулах клуб, соёл урлагийн 30 байгууллага ажиллаж байна. Эдгээр худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн чиг үүргийн давхардлыг арилгах, тавигдах шаардлага, хүлээх үүргийг зааглан тодорхой болгосныг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболд онцоллоо.

Нийтлэг журмыг баталснаар худалдаа, үйлчилгээг зохицуулах эрх зүйн орчин бий болж, хуулиар зохицуулагдаагүй асуудлыг шийдэх боломж бүрдэхийн дээр тус салбарт доголдож буй дутагдлыг арилгахад иргэд, ТББ-ын оролцоо нэмэгдэнэ. Түүнчлэн үйлчилгээний соёл дээшилж, зохистой хэрэглээг дэмжихийн сацуу хүн амын хэрэглэж буй хүнсний аюулгүй байдлыг хангахад дөхөм болно гэдэгтэй НИТХ-ын төлөөлөгчид санал нэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.