“Долоогийн бүлэг” БНАСАУ-ын пуужингийн туршилтыг эрс буруутгав

“Долоогийн бүлэг” БНАСАУ-ын пуужингийн туршилтыг эрс буруутгав

“Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар БНАСАУ-ын саяхан явуулсан тив алгасагч баллистик пуужингийн туршилтыг зэмлэн буруушаажээ.

“Долоогийн бүлэг” даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ БНАСАУ-ын тавдугаар сарын 25-ны өдөр явуулсан туршилтыг “эрс зэмлэн буруушааж” байгаагаа цохон тэмдэглээд, энэ нь “олон улсын энх тайван, аюулгүй байдал хийгээд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай баримт бичгүүдийг зөрчиж байна" гэж үзжээ.

Мөн Гадаад хэргийн сайд нар БНАСАУ-д “үй олноор хөнөөх зэвсгүүд, баллистик пуужингийн хөтөлбөрүүдээсээ бүрэн, баталгаатай, эргэлт буцалтгүйгээр ангижирч”, яриа хэлэлцээ хийх олон удаагийн саналыг хүлээн авахыг уриалсан байна.

БНАСАУ дахь “хүмүүнлэгийн хүнд нөхцөл байдлын” тухайд сайд нар “олон улсын хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх, хүнс, эм зэрэг хүмүүнлэгийн хэрэгцээт зүйлсийн талаар хөндлөнгийн үнэлгээ хийх боломжийг аль болох ойрын хугацаанд бүрдүүлэхийг” тус улсад уриалжээ.

Мөн сайд нар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын сүүлд явуулсан баллистик пуужингийн туршилтыг зэмлэн буруушаасан, тус улсын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг бэхжүүлэх тогтоолын төслийг баталж чадаагүйд “гүнээ харамсаж буйгаа” илэрхийлсэн байна.

Ийнхүү тэд БНАСАУ-ын үйлдлийг зэмлэн буруушааж, үй олноор хөнөөх зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрөөсөө ангижрах үүргийг нь дахин нотлоход “Долоогийн бүлэг”-тэй нэгдэхийг НҮБ-ын гишүүн орнууд, тэр дундаа Аюулгүйн Зөвлөлийн гишүүдэд уриалжээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.