Сэтгүүлч Н.Урантогтох: Олон олон Түвшинбаяр гаргахгүйн төлөө дуугарч, хэлдэг байгаарай
Саяхан би "King Richard" нэртэй талбайн теннисийн супер од Винус болон Серена Виллиамс нарын аавын тухай кино үзэв. Ганц л өгүүлбэр сэтгэлд тод үлдсэн. Тэр мундаг аав охиддоо "Үнсгэлжин" кино үзүүлээд юу ойлгосныг асуудаг. Бүгд хөнгөн хариулт хэлдэг бол аав нь гайхалтай үгсээр тайлбарладаг. "Үнсгэлжин охин ямар ч тохиолдолд даруухан байсан. Энэ л түүний амжилт" гэж бахдам амжилт үзүүлсэн охиддоо аав нь сургадаг. Тийм ээ. Бид үүнийг л ойлгох ёстой. Та ямар ч баян, лаг, оюунлаг, мэдрэмжтэй байгаад даруу байхыг мэдэхгүй бол ирээдүй үгүй. Япончууд болсон будаа бөхийдөг гэж зүгээр ч нэг хэлээгүй байх.
Нэгэн цагт Монголчуудын бахархал нь Найдангийн Түвшинбаяр гэдэг Булган нутгийн хүү байлаа. Олимпийн наадамд түрүүлэх үед нь юу болж байсныг та бид мэднэ. 7 сарын 1-ний үймээн, улстөрийн хагарлыг тэр намжаасан нь гарцаагүй үнэн. Улмаар хайр хүндэтгэл, хангамж урамшуулал дагалдсан. Гэхдээ түүнийг нэг л болохгүй байгааг, зан харилцаа эвдэрсэнийг олон хүн хэлж ярьж байв. Ааваас нь өөр хэн ч хатуу үг хэлээгүй биз. Ард түмний хэтийдсэн их хайр хүндэтгэл, хангамж олон олон хүнийг аархал, бардамнал, хийрхэлийн замаар алхуулдаг. Ухаалаг нь өөрийгөө татан авч, бардсан нэг нь олон олон алдаа туучиж явсаар нэг л өдөр тэнгэр хөмрөх мэт алдана. Монголын шүүх Н.Түвшинбаяр гэдэг хүнд хатуу ял оноох нь тодорхой. Гэхдээ энэ сургамжаас нэг л зүйл үлдээсэй. Улстөрч, урлаг спортын одод минь та бүхэн ямар ч амжилтад хүрсэн бай эгэл даруухан амьдар. Танд хичнээн их мөнгө, эд хөрөнгө, нэр алдар байгаад даруу зан л байхгүй бол нэг өдөр алдана. Алдах алдахдаа бүх зүйлээ алдана. Н.Түвшинбаяр өнөөдөр үхчихмээр байгаа байх. Гэхдээ аав ээж, бяцхан үрс, ханийнхаа төлөө амьдрах ёстой. Харин Монголчууд бид олон олон Түвшинбаярыг бий болгохгүйн тулд олны танил хүмүүсээсээ ёс зүй, сахилга хариуцлага нэхэх учиртай. Манайх шиг хар тамхи, зодоон, ёс бус үйлдэл гаргасан хүмүүсээ өөгшүүлдэг, хэвлэлээр сурталчилдаг, ивээн тэтгэж санхүүжүүлдэг орон алга. Энэ буруу үзэгдэл явсаар байвал нэг л өдөр таны гэр бүлд хар сүүдэр нь тусах вий.
Харуусалтай... Хоёр сайхан залуугийн гэр бүл, амьдрал сүйрч байна...
Эх сурвалж: https://www.facebook.com/Urantogtokh/photos/a.614994255250951/5126409577442707/
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.