Эмүжин: Цөхрөл нулимс гэдэг сэтгэл ялгадаггүй, хүйс бүр ч ялгадаггүй...

Эмүжин: Цөхрөл нулимс гэдэг сэтгэл ялгадаггүй, хүйс бүр ч ялгадаггүй...

Цөхрөл нулимс гэдэг сэтгэл ялгадаггүй, хүйс бүр ч ялгадаггүй...

Эр хүнд цөхрөх эрх бий гэдгийг энэ хүмүүс яагаад хэлдэггүй юм бол...Эр хүнд гундах үе байдаг гэдгийг ертөнцийн хэдэн хүн үүрд мартсан бол...Эр хүн уйлах эрхтэй гэдгийг ээж аавууд яагаад хэлж өсгөдөггүй юм бэ...Эр хүн эр хүнээрээ үлдэх гэж ямар олон эрхээ зөрчүүлдгийг яагаад хэн ч ярьдаггүй юм бэ...Эр хүн ч бас өтөлж хөгширдөг, өнгөлөг залуу насаа гээдэг, гар нь цуцаж, хөл нь бүдэрдэг гэдгийг энэ орчлонгийн хэчнээн хүн хэзээ олж харах вэ...омог бардам, омголон давилуун эр хүн байхын төлөө, эгнэгт энэ хэвээрээ үлдэхийн төлөө хөсөр хаясан эрх, хөлд гээсэн хүндлэл, мартаж үлдээсэн өвчин, шингээж залгисан нулимс, нууж сөгдсөн зориг, ноцож уугисан гал...энэ гашуун бүхэн эр хүнийг үнэлэх үнэлэмж юм бол энэ орчлонд тэдэнд багтах зай үлдсэн үү? Туулж яваа хатуу бүхнээ үүрээд, тулж яваа зовлон бүхнээ залгиад, үүрч яваа доромжлол бүхнээ нуугаад, үрээж яваа сэтгэл бүхнээ зангидаад...тэд хаа хүрэх вэ, эр хүн байхаасаа татгалзах хүртэл нь эрчүүдийг бүү буландаж шахаач дээ...нэгэн  гэр бүлийн дуулиан нэлээн шуугиулж байна,  төмөр унаан дээр нь бус төрмөл зүрхэн дээр нь хадаас шиг үгсээр сийчих эрх эмэгтэй хүйсийн давуу тал уу, эр хүн болохоороо л дуугүй өнгөрч, энэ нийгэмд яллуулж, эм хүйстэнд нулимуулах ёстой юу? Хүйсийн энэ ялгааг хүн ёсоор л давж гарна шүү, хүний охиныг хоёр хормоос илүү ширтвэл бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт ордог болсон энэ цаг үеийн эгэл жирийн хөвгүүдийг тэгвэл ирээдүйд юу хүлээж байгаа вэ, тэд хайраа яаж илэрхийлэх юм бэ, тэгээд бид нийгмээрээ хаашаа юунд хүрэх вэ? Гудамжинд ангийн хүүгээ тоглоод ч юм уу, томроод ч юм уу зодоод балбаад байгаа охидтой цөөнгүй таарлаа, гуниг гэдэг нь энэ үү, гутрал юм уу, эсвэл? Эр, эмээрээ талцаж байгаад чулуу шидэлцэх үү, эсвэл бүх эрчүүдийг өөр гаригт цөлөх үү? Үр хүүхдээр нь барьцаалсан амьдрал, хүйсийн ялгаагаар нь хүчилсэн харилцаа...хэзээ дуусах вэ, хүн гэдэг нэгэн ухагдахуун, нэгэн оршихуй хэзээ ингэтлээ хээр хаягдав аа...эр хүн гэхээрээ ган төмрөөр цутгаж, эм хүн гэхээрээ мах цусанд төрдөг болчихсон юм уу? Тийм бол эрчүүдийг төмөрт тушааж, эмэгтэйчүүдийг амин дэмээр тордох уу...хөвгүүдтэй ээж аавууд төмрийн үйлдвэрийн түүхий эд өсгөөд байгаа юм уу, хүн өсгөөд байна уу...хүн төрөлхтний өмнө хөндөлссөн хүйсийн асар том ангалын дээгүүр бид хүн ёсны гүүрээр л гарна шүү, газар ганхсан ч үүнийг бүү март! Нулимс цөхрөл гэдэг сэтгэл ялгадаггүй, хүйс бүр ч ялгадаггүй, ирэх цагтаа ирдэг юм шүү. Уйлах эрхгүй эрчүүдээс маань 78 нь өнгөрсөн жил амиа хорложээ, жилийн жилд эрчүүдийн амиа хорлолт нэмэгдэж байна, уйлах эрхгүйгээр унадаг амьдрал, тасардаг амь гэж байдаг юм уу?

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.