Биткоины ханш огцом доошиллоо.

Биткоины ханш огцом доошиллоо.

Өнгөрсөн бямба гарагт дэлхий дээрх хамгийн найдвартай бөгөөд хамгийн эрэлттэй криптовалют хэмээн тооцогддог биткоины ханш сүүлийн жил хагасын хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүртлээ унаж, 20 мянган доллароос доошлов. Зөвхөн өнгөрсөн 5 хоногийн дотор гэхэд ханш 25 хувиар унажээ.

Энэ удаагийн огцом уналт 6 дугаар сарын 6-наас эхэлсэн бөгөөд тухайн өдөр 1 биткоин 31,3 мянган доллартой тэнцэж байсан бол 19-ний өдөр 18707 доллар болж доошиллоо. Өнгөрсөн оны 11 дүгээр сард ханш 66 мянган долларт хүрч цойлж байсантай харьцуулахад даруй 3,5 дахин буурсан байна.

Өмнө нь биткоины ханш огцом өсөж байснаа навс унаж байсан "гашуун түүх" бий. Эргэн сануулахад, 2017 оны хоёрдугаар хагаст дэлхий даяараа криптовалютын халууралд автаж, 7-12 дугаар сарын хооронд гэхэд ханш бараг 10 дахин өсөж, 20 мянган ам.долларт хүрч байсан билээ. Гэвч удалгүй 2018 онд ханш шууд 80 хувиар унаж, 3-4 мянган ам.долларын хооронд эргэлдэх болсон. Тухайн үед дэлхий даяар биткоины арилжааг хатуу хянаж эхэлсэн, цахим валютын биржүүд хакеруудын халдлагад байнга өртөх болсноос гадна томоохон хөрөнгө оруулагчид криптовалютад оруулсан мөнгөө гэнэт татаж, бодитой, баталгаатай валютад оруулах болсон зэрэг нь огцом уналтын шалтгаан байлаа. 

Харин энэ удаад криптовалютын зах зээлд огцом уналт болсон шалтгааныг мэргэжилтнүүд юуны түрүүнд Celsius гэдэг компанийн гаргасан шийдвэртэй холбон үзэж байна. Криптовалютаар зээл олгох тал дээр тэргүүлдэг тус компани хувь нийлүүлэгчдийнхээ активуудыг царцааж, данснуудын хооронд криптовалютын гүйлгээ хийхийг хориглосон эл шийдвэрээ “зах зээл дээр үүссэн онцгой нөхцөл байдлын улмаас” гэж тайлбарлажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.