Японд хуучин автомашины үнэ өссөн.
Дэлхий нийтийг хамарч буй чипний хомсдолын улмаас автомашины үйлдвэрлэл буурч байгаа нь Японд хуучин автомашины үнэ өсөхөд нөлөөлж байна. Тодруулбал, Японд хуучин автомашины арилжааны дундаж үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.
Хуучин автомашины дуудлага худалдааны “USS” фирмийн мэдээлснээр, зургаадугаар сард гэрээний үнэ дунджаар нэг сая иен давж, ойролцоогоор 8000 орчим ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 25 хувиар өссөн үзүүлэлт болсон бөгөөд энэ үнийн дүн хоёрдугаар сар анх удаагаа нэг сая иений босгыг даваад байжээ.
Дэлхий даяар чип хомсдож, Шанхай хотод коронавирусний халдварын улмаас хөл хорио тогтоосон нь өнгөрсөн сард автомашин үйлдвэрлэлийн салбарт хүнд цохилт болсон байна. Тухайлбал, зарим загварын автомашины захиалгаас нийлүүлэгдэх хугацаа зургаан сараас хэтрээд байгаа бол зарим загварын захиалгыг авах боломжгүй болжээ. Энэ нь хуучин автомашины эрэлтийг нэмэгдүүлсэн байна.
Нэгэн шинжээчийн хэлснээр, шинэ автомашины нийлүүлэлт хилийн чанадад ч мөн адил хойшлох болоод байгаа бөгөөд улмаар Японоос хуучин автомашин импортлох эрэлт өндөр хэвээр байна. Мөн тэрбээр зарим хуучин автомашины чанар шинэтэйгээ ойролцоо байдгийг онцлоод, хуучин автомашины үнэ тодорхойгүй хугацаанд өндөр байна гэж урьдчилан таамаглажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.