ОХУ-аас буцах иргэдийг Улаан-Үдийн консулын газарт хандахыг зөвлөв
ОХУ-д шинэ коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус улс дотооддоо хэрэгжүүлж байгаа хөл хориог сунгах магадлалтай байна. Тиймээс ОХУ-аас буцах монгол иргэдийг Улаан-Үд дэх Ерөнхий консулын газарт урьдчилан хүсэлт гаргахыг зөвлөж байна.
Сургуулиас нь оюутан, сурагчдаа буцаах шийдвэр гаргасан, сургуулиа төгсөөд буцах болсон иргэдийн хувьд хамт олноороо тохиролцож, зохион байгуулалтад орж овог нэр, гадаад паспортын дугаар, хэдний өдөр хил нэвтрэх тухайгаа хил гарахаас 3-4 өдрийн өмнө Улаан-Үд дэх Ерөнхий консулын газрын пэйж хуудас (Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар) болон ulan-ude5@mfa.gov.mn цахим хаягаар ирүүлэхийг сануулжээ. Харин зөвлөгөө авах бол +7(3012)220499 дугаарт холбогдохыг зөвлөсөн байна.
Ерөнхий консулын газраас дээрх мэдээллийг төвд уламжлан улсын хилээр орох зөвшөөрлийг хүн нэг бүрээр авах юм. Энэ нь хил нэвтэрсэн иргэдийг тусгаарлах, байрлуулах ажилд чухал үүрэгтэй аж.
Мөн ОХУ-ын бусад хотоос яваа иргэд тухайн бүс нутаг, хот, мужийг хариуцсан Элчин сайдын яам болон Консулын газруудад хандаж, бүртгүүлэхийг Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар зөвлөж байна. Бусад хотоос яваа иргэдийг зохион байгуулалттайгаар улсын хил нэвтрүүлэх зорилгоор иргэдийн мэдээллийг зөвхөн харьяалсан ЭСЯ, ЕКГ-с авах болно. Шаардлагатай тохиолдолд дээрх пэйж хуудсанд хандаж болох юм.
ОХУ-д түр болон 30 хоногийн визтэй нэвтэрсэн иргэдийн хувьд, мөн адил дээр дурдсан зарчмаар бүртгэлийн ажлыг зохион байгуулна. ОХУ “Хөл хорио” сунгасан тохиолдолд түр нэвтэрсэн манай иргэд өөрийн оршин суугаа газрын ОХУ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагад хандаж, зөвшөөрлөө сунгуулах хүсэлт эхний ээлжид гаргахыг зөвлөж байна.
ОХУ-ын бусад бүс нутаг, хот, мужид байгаа оюутан, сурагчид зөвхөн Монгол, Оросын Алтанбулаг – Хиагт боомтоор хил нэвтрэх тул эх орондоо буцах хүсэлтэй байгаа бол заавал урьдчилан бүртгүүлж, тусгаарлагдах байрны төлбөрөө бүрэн төлж, зөвшөөрөл авсны эцэст зохион байгуулалттайгаар хил нэвтрүүлэх ёстойг анхааруулжээ. Цөөн тоогоор буюу 1-2 хүн хил нэвтэрч чадахгүй гэдгийг мөн мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.