Эрдэмтэд ховор хар нүх илрүүлжээ

Эрдэмтэд ховор хар нүх илрүүлжээ

Одон орон судлаачид тойрог замын "Хаббл" огторгуйн дурангийн тусламжтайгаар Нарныхаас 50 мянга дахин их масстай ховор хар нүх илрүүллээ гэж АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн цахим хуудсанд мэдээлжээ.


Эрдэмтэд дунд зэргийн масстай хар нүх илрүүлсэн гэж үзэж байгаа аж. Сансрын энэхүү объект нь одон орон судлаачдын өмнө нь олж илрүүлсэн одны масстай хар нүхнүүд болон хэт масстай хар нүхнүүдийг хооронд нь холбодог холбоос байж магадгүй гэж таамаглаж байна.


Дунд зэргийн масстай хар нүхнүүдийг илрүүлэхэд маш хэцүү байдаг аж. АНУ-ын Нью-Хэмпшир муж улсын их сургуулийн эрдэмтэн Дачэн Линьгээр ахлуулсан одон судлаачид асар хүчтэй цацраг туяаг бүр 2006 онд бүртгэж авсан байна. Эрдэмтэд энэхүү туяаны эх үүсвэр нь манай галактикийн дотор эсвэл гадна байсан эсэхийг тэр даруйд нь тогтоож чадаагүй бөгөөд асар их таталцлын хүчтэй харьцангуй жижиг объектод хэт ойр байсан одны дэлбэрэлтээс үүссэн гэж таамаглаж байжээ. Ингээд эрдэмтэд байршлыг нь яг нарийн тогтоохын тулд цацраг туяаны эх үүсвэр рүү "Хаббл" дуранг чиглүүлж, Хумхын ордны нэгэн галактикийн захад оршдог хар нүхнээс үүссэн болохыг тогтоосон байна.


Эрдэмтдийн олж илрүүлсэн хар нүх нь өөрийн төрөлдөө анхных нь биш аж. Өмнө нь цацраг туяаны иймэрхүү эх үүсвэрүүдийг илрүүлж байжээ. Жишээ нь “Phoenix” ордны галактикуудын нэгд оршдог “HLX-1” гэх хар нүхийг дурдаж болно. Гэхдээ зарим эрдэмтэд “HLX-1”-ийг одны масстай хар нүхнүүдийн ангилалд хамааруулдаг байна.


“Хамгийн гол ялгаа нь бидний олж илрүүлсэн хар нүх оддыг “хэдэн хэсэг болгон тасчдагт” оршино. Энэ нь маш том хар нүх гэдгийг баталж байгаа юм” гэж Линь ярьжээ. Энэхүү нээлт нь шинэ судалгаа хийх боломж олгохын зэрэгцээ олон асуултыг хариултгүй үлдээж байна гэж НАСА-гийн мэдээлэлд дурджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.