БНСУ дахь Монгол сургуулийн “2022 Сөүл-Монгол наадам” болов

БНСУ дахь Монгол сургуулийн “2022 Сөүл-Монгол наадам” болов

БНСУ дахь Монгол сургууль “2022 Сөүл-Монгол наадам”ыг Сөүл хотын Гванжин дүүрэгт өчигдөр зохион байгуулав.

Энэхүү сургуульд 300 гаруй монгол сурагч боловсрол эзэмшиж байгаа бөгөөд Монгол наадмыг тус сургууль 1999 онд байгуулагдсан цагаас эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ удаагийн монгол наадмыг “КОВИД-19” цар тахлын улмаас 2 жил завсарласны дараа зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд сурагчид, тэдгээрийн гэр бүл мөн сурагчдын найз нөхөд Солонгос иргэд олноороо ирж үзэж сонирхов.

Наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Монгол сургуулийг үүсгэн байгуулагч Юү Хэ Гын, Монгол сургуулийн захирал И Ган Э, Монгол соёлын төвийн дарга Им Ын Бин, Гванжин дүүргийн ИТХ-ын дарга Чү Юн Гү, ИТХ-ын дэд дарга Шин Жин Ху, нарын хүндэт зочид оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Элчин сайд Э.Сарантогос наадмын нээлтэд хэлсэн үгэндээ, “Монгол сургуулийг төгсөгчид Монгол, Солонгосын харилцааны гүүр болно” гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж, тус сургуулийг үүсгэн байгуулагч Юү Хэ Гын-ыг Монгол Улсын боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буйг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” төрийн дээд одонгоор шагнасныг гардуулж баяр хүргэв.

Наадмын үеэр монгол гэр, соёл, монгол хувцас танилцуулж, бөхийн барилдаан, нум сумын харваа, шагайн наадгай, гар барилдаан зэрэг тэмцээн уралдаан болов. Мөн сургуулийн сурагчид урлагийн тоглолтоо сонирхуулсан юм.

Элчин сайд Э.Сарантогос сургуулийн удирдлага, багш, сурагчидтай уулзан анги танхимтай танилцаж, төгсөх ангийн сурагчдад ирээдүйн мэргэжлээ тодорхойлоход нь зориулан ЭСЯ, сургуулийн захиргаатай хамтран сургалт зөвлөгөөн зохион байгуулж байхаар ярилцлаа гэж БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.