“МАНДАЛ ДААТГАЛ” ӨӨРСДИЙН ЗОХИОСОН ГЭРЭЭГЭЭ ЗӨРЧИЖ БАЙНА
Амлалт өгч, амлалтаа гэрээгээр баталгаажуулдаг даатгалын компаниуд иргэдийн итгэлийг алдсаар байгаа. Гэнэтийн байдлаар ээжийгээ алдсан Ц.Билгүүнийг даатгалын салбарын ээлжит хохирогчоор нэрлэж болох юм. Хэдийгээр түүний эрх ашгийг хоёр шатны шүүхээс хамгаалсан шийдвэр гаргасан ч “Мандал даатгал” компани нөхөн төлбөр олголгүй өдийг хүржээ. Тэрбээр талийгаач ээжийнхээ Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалтай холбоотой нөхөн төлбөр гаргуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хандахад, даатгагч нөхөн төлбөр олгох ёстой гэсэн дүгнэлт гарч, албан бичиг хүргүүлсэн байдаг. Гэвч даатгалын салбарын томоохон төлөөлөл "Мандал даатгал" компани үүргээ биелүүлээгүй.
Улмаар хоёр дахь удаагаа Санхүүгийн зохицуулах хороонд хандахад, мөн л дээрхтэй адил шийдвэр гаргаж байжээ. Цаашлаад шүүхэд хандсан. Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс "Мандал даатгал" ХК-д даатгуулагчийн нөхөн олговрыг гэрээний дагуу олго гэж шийдвэрлэсэн байхад ч үүргээ биелүүлээгүй гэнэ. Ц.Билгүүн өчигдөр олон нийтэд хандсан. Түүний ээж (талийгаач) Ч.Гүнсмаа 2016 оны аравдугаар сарын 18-нд Голомт банктай орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний "Барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах эд хөрөнгийн болон амь даатгалд даатгуулах" гэсэн заалтын дагуу "Мандал даатгал"-д даатгуулсан аж. Гэвч талийгаачийг амь насыг даатгасан "Мандал даатгал” компани нас барсных нь дараа ипотекийн зээлийн өрийн үлдэгдлийг гэрээний дагуу төлөхөөс татгалзжээ.
Талийгаач 2018 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр ажлын байрандаа ухаан алдаж, тархины цус харвалт гэсэн оноштойгоор нас барсан бөгөөд даатгалын компанийнхан эмнэлгийн дүгнэлттэй тэр дор нь танилцсан байгаа юм. Ингэхдээ талийгаачийг ердийн өвчнөөр нас барсан гэдэг шалтгаанаар нөхөн олговор өгөхөөс зайлсхийсэн болохыг Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын бодлогын зөвлөлийн гишүүн Г.Хонгор хэлж байна. Тэрбээр “Ц.Билгүүн зээлийн гэрээний хамтран зээлдэгч биш мөртлөө Голомт банкны шаардлагаар 2018 оны арваннэгдүгээр сараас хойш сар бүр ипотекийн зээлийн төлбөрт 825,000 төгрөг төлсөөр ирсэн. Хуулийн дагуу нас барсан даатгуулагчийн ипотекийн зээлийн өрийн үлдэгдлийг амь насны даатгалын гэрээний дагуу Голомт банканд "Мандал даатгал" ХК төлөх ёстой байхад үүргээ биелүүлэхгүй татгалзсан байна. Энд нэг ноцтой зүйл байгаа нь Даатгалын гэрээг хийхдээ зээл авсан иргэнд хуулийн дагуу сонголт олголгүй Голомт банкныхан зөвхөн "Мандал даатгал"-тай гэрээ байгуул гэж тулгасан байна. Энэ бол санхүүгийн хуйвалдааны шинж. Талийгаачийн хүү байрандаа үлдэхийн тулд жилийн турш өөрийнхөө төлөх ёсгүй мөнгийг төлж ирсэн байгаа юм. Одоо туйлдаа хүрээд олон нийтэд хандаж байна.
"Мандал даатгал" дээд шүүхэд хандах замаар Ц.Билгүүнийг зориудаар залхааж, шантраах арга хэмжээ авч байна гэж харж байгаа. Даатгалын компаниас Дээд шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэх тов гараагүй. Дээд шүүхийн дээр хэлэлцэх 2000 орчим хэргийг дараалал үүссэн. Энэ нь дор хаяж 4-5 жил хүлээнэ гэсэн үг. Өнөөдөр мэдэгдсэн нь Ц.Билгүүн боловч хохирч байгаа маш олон хүн бий” гэв. Өнгөрсөн оны тоон мэдээллээр, төрийн бодлогоор эхлүүлсэн орон сууцны урт хугацаатай зээлд 96 мянган иргэн хамрагдаад байгаа юм. Нас барсан иргэдийн олонх нь энэ маягаар нөхөн төлбөрөө олж авч чадалгүй, ард үлдэгсэд нь хохирдог байж болзошгүй аж. Харин Ц.Билгүүний өөрийнх нь тайлбарлаж буйгаар "Мандал даатгал" компани шинэчилсэн гэрээндээ гаднын нөлөөгөөр нас барсан хүнд нөхөн төлбөр олгоно гэсэн заалт оруулан тайлбарлажээ. Гэвч шинэчилсэн гэрээнд талийгаач гарын үсэг зурж баталгаажуулаагүй аж. Тэрбээр “Ээжийн хийсэн гэрээг судлаад үзтэл даатгалын газар анх хийгдсэн гэрээ нь гарын үсэгтэй, сүүлд хийгдсэн гэх гэрээ нь гарын үсэггүй байсан. Голомт банканд хандтал ийм л даатгал хийгдсэн байна Санхүүгийн зохицуулах хороонд хандаарай гэсэн. Энэ маргаан Дээд шүүхэд очоод байна” гэв. Хуулиараа энэ тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо шүүхийн шатанд аваачихгүй албадлагын арга хэмжээ авах бүрэн эрхтэй.
Уг нь бидний төсөөллөөс ч өндөр ёс зүй, шударга зарчим даатгалын салбарт үйлчилдэг талаар номлол бий. Гэвч даатгалын компаниуд нөхөн төлбөр олгохгүйн тулд ямар ч хамаагүй арга хэрэглэдгийн энгийн жишээ энэ болж байна. Даатгалын компаниудыг хянаж, хариуцлага тооцох эрхтэй Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллээс харахад, ирсэн өргөдөл, гомдолд даатгалын салбартай холбоотой хохирлын мэдээлэл давамгайлсаар ирж. Даатгуулагч мөнгөө төлж, даатгагч эрсдэлийг нь хаан, зовлонг нь үүрэлцэнэ гэсэн хоёр талын тохироо алдаа оноотой хэрэгжиж байгаа хэрэг л дээ. Тухайлбал, 2019 оны гуравдугаар улирлын байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас даатгалын үйл ажиллагаатай холбоотойгоор 135 өргөдөл ирсэн байна. Үүний олонх нь даатгагчийн зүгээс даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан гэх өргөдөл. Энэ бол өнгөрсөн оныхтой харьцуулахад, 20.5 хувиар өссөн үзүүлэлт. Хохирогчид нь голдуу мөнгөө төлж, ирээдүйн эрсдэлээ даатгасан иргэд байгаа юм. Үүний нөгөө талд нь даатгалын компаниуд иргэдээс авсан хураамж, нөхөн олговор хоёрын зөрүүгээр ашиг хийж байна. Даатгалын компани хэдий чинээ бага нөхөн төлбөр олгоно, төдий чинээгээрээ хөлждөг. Даатгалын компаниудын цэвэр ашиг өнгөрсөн 2019 онд 22.7 тэрбум төгрөгт хүрч, 2018 оны мөн үеэс 4.3 тэрбум төгрөгөөр өссөн дүн гарчээ.
эх сурвалж https://zindaa.mn/36ap
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.