Ердийн цусны шинжилгээгээр 50 төрлийн хорт хавдрыг илрүүлнэ

Ердийн цусны шинжилгээгээр 50 төрлийн хорт хавдрыг илрүүлнэ

ЛОНДОН. /BBC/. Хүмүүсийн өгдөг ердийн цусны шинжилгээгээр 50 гаруй төрлийн хорт хавдрыг шинж тэмдгүүд нь бий болохоос өмнө 99 хувийн магадлалтайгаар илрүүлэх боломжтой болжээ.

АНУ, Их Британийн хэсэг эрдэмтэд хамтран 6 мянга гаруй хүний цусны шинжилгээнд судалгаа хийсэн бөгөөд уг ажлыг Цахиурын хөндий дэх нэгэн стартап компани ивээн тэтгэжээ. Ийм цусны шинжилгээ нь хавдрыг эрт үед нь илрүүлж, түүнийг амжилттай эмчлэх боломжийг олгоно гэж эрдэмтэд найдаж байна.

Судалгааг Дан-Фарберийн хавдар судлалын хүрээлэн ба Харвардын анагаах ухааны сургуулийн америк эрдэмтэд, Фрэнсис Крик-ийн хүрээлэн, Лондоны их сургуулийн коллежийн британи эрдэмтэд хамтран явуулсан байна. Судалгааны тайланг Оксфордын их сургуулийн "Annals of Oncology" эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлжээ. 

Дээрх цусны шинжилгээнүүдийн 99 гаруй хувьд нь хавдрыг илрүүлсэн гэдэг нь батлагдсан боловч эрдэмтэд үр дүнг улам баталгаатай болгохын тулд судалгаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Түүнээс гадна, цусны шинжилгээ нь хавдар үүсч эхэлж байгааг гэхээсээ илүүтэй хавдар даамжирч буйг илрүүлж байгаа нь клиник судалгааны дүнгээр тодорхой болжээ.  

Хэрхэн илрүүлдэг вэ?

Цусны шинжилгээгээр хавдраас цус руу, ДНХ-ийн генийн код руу шилжиж буй химийн өөрчлөлтүүдийн шинж тэмдгүүдийг хайдаг байна. Дээрх судалгааны явцад 50 төрлийн хорт хавдар, тэдгээрийн дотор шулуун гэдэс, өндгөвч, уушигны хавдрын хэлбэрийг тодорхойлох шинжилгээнүүдийг хийжээ. Эдгээрийн 96 хувьд нь хавдрын төрлийг зөв тодорхойлсон байна.

Шинжээчдийн дүгнэлт

Судалгаа хийх зардлыг Цахиурын хөндий дэх Grail гэдэг стартап компани гаргасан бөгөөд тус компанийн хөрөнгө оруулагчдын нэг нь Amazon-ыг үндэслэн байгуулагч Жефф Безос юм. 

“Тухайн цусны шинжилгээг хорт хавдрын төрлийг тогтооход ашиглах бүхий л нөхцөл бүрдсэн гэж бодож байна” хэмээн судалгааг удирдсан хүмүүсийн нэг болох Жоф Окснард ярилаа. 

“Ийм сорил /тест/ хэзээ бэлэн болох вэ гэж хүн бүр л асууж байна. Олон мянган хүн дээр клиник судалгааг амжилттай хийсэн учраас одоо клиникийн туршилтыг хязгаарлагдмал хүрээнд хийж байна” гэж тэрбээр хэлсэн юм. Клиникийн туршилтын дүн гарсны дараа л цусны шинжилгээг оношилгоонд өргөн нэвтрүүлэх талаар ярих боломжтой аж.

 “Хэдийгээр ийм төрлийн шинжилгээ нь хөгжүүлэлтийн эхний үе шатандаа байгаа боловч эхний үр дүн нь найдвар төрүүлж байна” гэж Их Британийн "Cancer Research UK" буяны байгууллагын хорт хавдрын судалгаа хариуцсан ажилтан Дэвид Кросби ярилаа. 

“Хүндрээгүй, эмчлэхэд хялбар байгаа үед нь хавдрыг илрүүлэх нь хүмүүсийн амь насыг аврах асар том боломжийг нээж байгаа, гэхдээ ийм боломжийг бүрэн дүүрэн ашиглахад технологийн инноваци маш чухал” гэж тэрбээр хэлсэн юм.   

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.