Монголбанк: Бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувьд хүргэх шийдвэр гаргалаа
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 12 дугаар сарын 15, 16-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд олонхын саналаар бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж 13 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.
Жилийн инфляц 2022 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 14.5 хувьтай гарав. Инфляц сүүлийн саруудад өмнөх төсөөлөлтэй нийцтэйгээр буурч байна. Гэхдээ ирэх улирлуудад гадаад инфляц, хүнс болон шатахууны үнийн өсөлтийн нөлөө өмнөх төсөөллөөс нэмэгдэх, төсвийн зардал, цалин хүлээлтээс өндөр өсөхөөр байна.
Эдийн засгийн идэвхжил 2022 оны 3 дугаар улиралд хүлээлтээс харьцангуй өндөр байж КОВИД-19 цар тахлын өмнөх түвшинг давлаа. Сүүлийн саруудад уул уурхай, тээврийн салбар сэргэж, төмөр замын бүтээн байгуулалтын нөлөөгөөр барилгын салбар өсөлттэй болов. Худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар болон хөдөө аж ахуйн салбар зэрэг уул уурхайн бус салбар 2022 оны 3 дугаар улиралд үргэлжлэн идэвхжилээ.
Хөдөлмөрийн зах зээл цар тахлын өмнөх түвшинд хүрч, өрхийн хэрэглээ сүүлийн 4 улирал дараалан тогтвортой өсөж, өсөлтөд эерэг нөлөө үзүүллээ. Цаашид эдийн засгийн төлөв БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлого, хилийн боомтуудын нөхцөл байдал, төлбөрийн тэнцлийн алдагдал, экспортын бодит орлого зэргээс голлон хамаарахаар байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, экспортын гол түүхий эдийн үнэ буурч, гадаад орчны төлөв муудлаа. Ирэх онд гадаад орчны төлөв үргэлжлэн муудахтай зэрэгцэн төсвийн зардал огцом тэлж байгаа нь импортын эрэлтийг урамшуулж дотоод, гадаад тэнцвэрт сөргөөр нөлөөлөхөөр байна. Үүний зэрэгцээ цалингийн өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт эрчимжихээр байгаа нь өрхийн өр болон хэрэглээний импортыг нэмэгдүүлэх нөлөөг үзүүлэхээр байна.
Иймд Мөнгөний бодлогын хороо дунд хугацаанд инфляцын хүлээлтийг тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг өсгөх зорилгоор бодлогын хүүг нэмэгдүүллээ. Энэ арга хэмжээ нь инфляцыг зорилтот түвшин рүү бууруулах, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангах бодлоготой нийцтэй юм.
Мөнгөний бодлогын цаашдын төлөв нь гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна гэж Монголбанкнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.