БНСУ-ын томоохон компаниудын ялгаруулсан хүлэмжийн хийн хэмжээ өссөн
БНСУ-ын томоохон компаниудын хүлэмжийн хийн ялгарал сүүлийн жилүүдэд 6 орчим хувиар нэмэгдсэн нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах зорилтод нийцээгүй байна.
“Leaders Index” индексийн мэдээллээр, БНСУ-ын томоохон 50 компанийн ялгаруулсан хүлэмжийн хийн хэмжээ 2021 онд 272.8 сая тоннд хүрсэн нь гурван жилийн өмнөхөөс 5.9 хувиар өсжээ.
Тодруулбал, тэдгээр компанийн 25-ынх нь хүлэмжийн хийн ялгарал дээр дурдсан хугацаанд өссөн бол үлдсэн хэсгийнх нь буурчээ. Үүнд төрийн өмчит эрчим хүчний компаниудыг оруулаагүй байна.
Харин өнгөрсөн гурван жилийн хугацаанд БНСУ-ын хүлэмжийн хийн ялгарал 6.6 хувиар буурч, 679.6 сая тоннд хүрчээ.
Салбарын шинжээчдийн хувьд, хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг компаниуд холбогдох хуулийн дагуу хийн ялгарлаа бууруулахад илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж үзэж байна.
Өнгөрсөн оны гуравдугаар сард хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу, БНСУ-ын компаниуд 2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 2018 оны түвшинтэй харьцуулахад 40 хувиар бууруулах шаардлагатай байв.
“Leaders Index”-ийн мэдээллээр, ган, чип, химийн бодис үйлдвэрлэгчид болон газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн хүлэмжийн хийн ялгарал нэмэгдсэн бол автомашин, дэлгэц, харилцаа холбоо, цементийн үйлдвэрүүдийнх буурсан байна.
Тухайлбал, ган үйлдвэрлэгч компани “POSCO” 2021 онд 78.5 сая тонн хий ялгаруулсан нь гурван жилийн өмнөхөөс 7.3 хувиар өссөн бол мөн салбарын “Hyundai Steel Co” компанийн үзүүлэлт 26.5 хувиар өсөж, 28.5 сая тоннд хүрчээ.
Дэлхийн технологийн салбарт тэргүүлэгч “Samsung Electronics” компани 2021 онд хүлэмийн хийн ялгаруулалт нь 34.5 хувиар нэмэгдэж, 14.5 сая тонн болсон бол химийн бодис үйлдвэрлэгч “OCI” компанийнх дурдсан хугацаанд хамгийн их буюу 42.2 хувиар буурсан дүн үзүүлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.