БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү спортын салбарыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү-тэй уулзаж, спортын салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд Монгол, Солонгос хоёр орон нь олон жилийн турш маш ойр, найрамдалт харилцаатай явж ирснийг дурдаад цаашид хоёр орныг сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа спортын салбарт хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцэв.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү хэлэхдээ “Ажиллаж буй томилгоот хугацаандаа спортын салбарыг, тамирчдыг дэмжиж ажиллах болно. Солонгосын уламжлалт сирым бөхийн төрлөөр Монголын бөхчүүд хичээллэх боломжтойг бид мэднэ. Соёл, спорт бол тухайн орныг сурталчлах маш том боломж байдаг. Спорт, олимпизмын хөдөлгөөнийг удирдаж буй хүн ОУОХ-ны гишүүнээр ажиллаж буй нь сайшаалтай байна. Амжилт хүсье” хэмээв.
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг Монголын баг тамирчдын оролцох наадмуудын талаар мэдээлэл өгсөнөөс гадна өвлийн спортыг хөгжүүлэх, хамтарсан бэлтгэл хийхэд БНСУ-ын зүгээс дэмжлэг хүсээд Канвоны олимпод оролцох тамирчдын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд оролцоход визийн хөнгөлөлт үзүүлэхийг хүслээ.
Залуучуудын IV өвлийн олимпын наадам БНСУ-ын Канвон мужид 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд зохиогдох бөгөөд манай улсаас цана, тэшүүр, биатлоны төрөлд тамирчид эрхээ авч оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.