Халхын Цогт хунтайжийн хадны бичээс ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Халхын Цогт хунтайжийн хадны бичээс ЮНЕСКО-д бүртгэгдлээ

ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha) бүртгэгдлээ.

БНФУ-ын нийслэл Парис хотноо 2023 оны 5 дугаар сард хуралдсан ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Халхын Цогт хунтайжийн хадны бичээс өв багтжээ.

Эрдэмтэн судлаачид Цогт хунтайжийн хадны бичээсийг Чин гүрнээс өмнөх үеийн буддын шашны яруу найргийн хэв маягийг шингээсэн XVII зууны монголын яруу найргийн хосгүй бүтээлд тооцдог. Уг бичээс Лигдэн Хутагт хааны үед Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн монголчуудын эв нэгдлийг харуулсан түүхэн бүтээл билээ.

ЮНЕСКО-гийн Баримтат өвийн олон улсын жагсаалтанд өнөөдрийн байдлаар нийт 430 баримтат өв бүртгэгдээд байна. Үүнээс 5 баримтат өв манай улсаас бүртгэгдсэн бөгөөд 2011 онд Лувсанданзаны "Алтан товч", "Монгол Шунхан Данжуур", 2017 онд "Есөн эрдэнийн ганжуур" бүртгэгдээд байсан бол ийнхүү энэ онд “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” бүртгэгдлээ.

Бүртгэлийн үндсэн шалгууруудаас танилцуулахад баримтат өв нь өөрийн анхны жинхэнэ эхээр байхаас гадна эх төрх байдлаа сайн хадгалсан байх, дэлхий дахины үнэ цэн, ач холбогдолтой байх, дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн байх учиртай аж.

Ташрамд дурдахад, дэлхийн баримтат өвийн үнэт дурсгал үй олноороо дахин нөхөгдөхгүй элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоох шаардлагатайг харгалзан үзэж ЮНЕСКО 1992 онд тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийг эхлүүлсэн. Баримтат өвийг олон улсын болон бүс нутгийн өвийн бүртгэлд бүртгэх замаар олон улсын, бүсийн, үндэсний ач холбогдол бүхий өвийн хамгаалалтыг дэмжин баталгаажуулах, тэдгээрийг хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэх, ийм төрлийн өвийг хамгаалах талаар гишүүн орнуудын дотор хамтын ажиллагаа, харилцан солилцоог хөгжүүлэхэд тус хөтөлбөрийн үйл ажиллагаа чиглэдэг байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 2023-05-25

УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг 200 дахь мэс заслаа амжилттай хийжээ 2023-05-25

ОУХМ Г.Оргилболд алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга боллоо 2023-05-25

Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй 134 төрлийн үйлчилгээний жагсаалт 2023-05-25

Цахим орчинд өөрийн аюулгүй байдлыг хангах зөвлөмж 2023-05-25

Халхын Цогт хунтайжийн хадны бичээс ЮНЕСКО-д бүртгэгдлээ 2023-05-25

ЦХХХ-ны сайд Н.Учрал 5 төрлийн тусгай сангийн мэдээллийг ил болголоо 2023-05-26

Зам тээврийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ 2023-05-26

Гадаад улсад оршин суугаа Монгол иргэдийн нөхцөл байдлын судалгаа, мэдээлэл авч эхэллээ 2023-05-26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. 2023-05-26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох нь баруун босоо тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байна 2023-05-27