Нефть олборлолтын талаар АНУ Саудын Араб, ОХУ-тай хэлэлцээ хийхгүй

Нефть олборлолтын талаар АНУ Саудын Араб, ОХУ-тай хэлэлцээ хийхгүй

Нефтийн олборлолтыг бууруулахтай холбоотой хэлэлцээрийн талаар АНУ-ын эрх баригчид Саудын Араб, ОХУ-тай хэлэлцээ хийхгүй боловч Эр-Рияд, Москва хоорондоо тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ тухай АНУ-ын Эрчим хүчний сайд Дэн Бруйетт тус улсын эрчим хүчний салбарын төлөөлөгчидтэй баасан гарагт утсаар ярих үеэрээ мэдэгджээ.

АНУ тохиролцоонд хүрэхийг Саудын Араб болон ОХУ-д уриалж байгаа гэж Бруйетт онцлон тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, тус хоёр улс удахгүй тохиролцоонд хүрнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байгаа аж.

Олборлолтыг хязгаарлах замаар нефтийн үнийг 60 ам.долларын түвшинд тогтворжуулах зорилгоор байгуулсан “ОПЕК+” буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус 11 улсын хооронд байгуулсан гэрээний хугацаа гуравдугаар сарын 31-нд дууссан байна.

Хоёр том оролцогч болох ОХУ, Саудын Арабын байр суурь зөрөлдсөний улмаас уг гэрээг сунгаж чадаагүй байна. Энэхүү гэрээ хэрэгжихээ больсон нь коронавирусийн халдвар тархсаны улмаас дэлхийн зах зээлд эрэлт нь буураад байгаа нефтийн үнийг огцом унахад хүргэсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.