Дэлхийн Банкнаас Монгол Улсад олгох 26.9 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа
Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын зөвлөлийн энэ сарын 2-ны өдрийн хуралданаар Монгол Улсад "COVID-19"-с урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөлд зориулан 26.9 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор баталжээ.
Монгол Улсын хүн амын дунд халдвар тархаагүй ч өндөр эрсдэл байсаар байна гэж Дэлхийн Банк үзжээ.
Төслийн хүрээнд яаралтай тусламж үйлчилгээний эмч, сувилагч, эрчимт эмчилгээний ажилтнуудыг сургах; эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах, түүнчлэн Улаанбаатар хот болон бүх аймгуудад COVID-19-ийг оношлох чадавхийг бэхжүүлэх зэрэг COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээ авах нэн тулгамдсан хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дэмжлэг үзүүлэх аж. Мөн эрүүл мэндийн байгууламжийг сэргээн засварлах, халдварыг хянах арга хэмжээ, сургалт зэргийг эрүүл мэндийн бүх байгууллагуудад зохион байгуулах ба халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, удирдах тухай нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр харилцаа холбоо, мэдээллийн кампанит ажлыг дэмжих юм.
Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев “Дэлхийн нийтээр COVID-19 халдвар цар тахлын хэмжээнд хүрсэн нь хямралын нөхцөл байдалд улс орон бэлэн байх, эрүүл мэндийн тогтолцооны даван туулах чадварыг бэхжүүлэх шаардлагатайг тодорхой харуулж байна. Энэхүү яаралтай тусламжийн үйл ажиллагаа нь COVID-19 цар тахлын эсрэг нэн шаардлагатай арга хэмжээг дэмжихээс гадна Монгол улсын эрүүл мэндийн салбар цаашид аливаа яаралтай нөхцөл байдал, хямралыг даван туулах чадварыг урт хугацаанд сайжруулах юм” гэв.
Төслийн нийт санхүүжилтийн 13.1 сая ам. долларын зээлийг Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА), 13.8 сая ам. долларын зээлийг Олон Улсын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас (ОУСБХБ), COVID-19 халдварын эсрэг авах хариу арга хэмжээг бэхжүүлэх, нөхөн сэргэх хугацааг богиносох зорилгоор хөгжиж буй орнуудад олгох Дэлхийн Банк Группын $14 тэрбум ам. долларын түргэвчилсэн санхүүжилтын хөтөлбөрийн багцын нэг хэсэг болгон хуваарилж олгох юм.
Мөн нийт санхүүжилтийн 4.2 сая хүртэлх ам.долларыг нөхөн санхүүжилт хийх нөхцөлтэйгөөр буюу Засгийн газраас 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн авч хэрэгжүүлсэн, тодорхой шалгуур хангасан зардлуудыг санхүүжүүлэх боломжтой аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.