Н.Учрал: Ертөнцийн зүгээр хаягаа заадаг улс дэлхийд бараг үлдээгүй
Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам, Монгол шуудан, ОБЕГ-ын төлөөллүүд хаягжилтын асуудлыг хэрхэн шийдэж буй талаар өчигдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар иргэдэд мэдээлэл хийв.
“What3Words” аппликэйшний туршилтын хүрээнд эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 2,059 айлыг хаягжуулсан юм байна. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлэхдээ "Ертөнцийн зүгээр хаягаа заадаг монголчууд шиг ийм улс дэлхийд бараг үлдсэнгүй. Яармагийн тэддүгээр гудамж гэдгийг "Ертөнцийн зүгээр баруун эргээд нэг худаг байгаа, түүнийг өнгөрөөд ирээрэй" л гэж зааж байна. Иймээс хаягжилтын хуулийг батлахаар Барилга, Хот байгуулалтын яам болон ЦХХХЯ хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд үе үеийн Засгийн газар хаягжилтын асуудлыг шийдэхээр хичээж ирсэн. Гэвч эмх замбараагүй байдлаас үүдэн хүмүүс төдийлөн хаягаа тодорхой хэлж мэддэггүй байсан.
Жишээ нь, газар нэгжийн талбарын хаяг, шуудангийн хаяг, тухайн объектод нь дахиад тусдаа нэг хаяг байдаг. Ялангуяа гэр хорооллын хаягуудыг тодорхой болгохгүй бол үнэхээр хугацаа тулсан ажил болчихлоо. Хаягаа тодорхой болгож чадаагүйгээс бид хүүхдээ хамгаалж чадахгүйд хүрсэн. Яаралтай үед цагдаа, онцгойд өөрийнхөө гэрийн хаягийг зааж өгөх гэтэл тодорхой хэлж чаддаггүй.
Үүнийг оновчтой болгож чаддаггүйгээс хаягийнх нь байршлаар яаралтай тусламж үзүүлэхэд бэрхшээлтэй тулгардаг. Ийм учраас Ekids дээр “What3Words” аппликэйшнийг байршуулснаар илүү оновчтой зохицуулалттай болж байна.
Тухайлбал, та бүхний харж байгаа гурван үг буюу “Саальчин. Түүхт. Хүчээр” гэдгийг илгээхэд шууд Google-тэй холбогдоод энэ айлын гадаа ирэх боломжтой гэсэн үг. Өнөөдөр би энэ гурван үгийг хийгээд л Төрийн ордноос энд ирлээ. Бид цаашдаа гурван үгт хаягийг хэрэглэж хэвшицгээе. Үүний тулд E-Mongolia системийн Ekids дээр цагдаагийн байгууллага, онцгой байдал гэх мэтчилэн яаралтай тусламжуудыг суулгаж өгсөн" хэмээсэн юм.
Өнгөрсөн хугацаанд үер уснаас эхлээд байгалийн давагдашгүй олон хүчин зүйл бидний өмнө тулгарсан. Ийм тохиолдолд "Энд үер ус бууж байна, яаралтай тусламж хэрэгтэй байна" гэдэг мэдээллээ Онцгой байдлын байгууллага руу хэлье гэхээр хаягаа тодорхой хэлж чаддаггүй байдал үүсдэг.
Онцгой байдал тусламж үзүүлэхээр очихдоо хугацаа алдаж олон хүний алтан амь үрэгдэхэд хүрдэг. Хаягжилтаа шийдээгүй цагт цаашаа алхах бололцоогүй гэсэн үг. Энэ зөвхөн нийслэл хотын асуудал биш. Хөдөө, орон нутагт ч хаяг нь тодорхойгүй байршлууд байгаа.
"What3Words"-ийн гол онцлог нь 60 гаруй орны хэлээр орчуулагдсан. 2013 оны үед Лондонд анх туршсан дэлхийн хаяг бөгөөд Google-тэй албан ёсны холболттой. Энэ хаягийг Монголдоо хэвшүүлж, нутагшуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 2,059 айл дээр гурван үг бүхий хаягуудыг Монгол шуудан компани хадлаа. Танай хаяг дээр тохиолдлын ямар гурван үг байна вэ, тэдгээр үг гэрийн байршлыг тань шууд зааж өгөх боломжтой хэмээн ЦХХХ-ны сайд Н.Учрал тайлбарлав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.