Монгол Улсын Ерөнхийлөгч Өмнөговь аймагт үүссэн асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын хэмжээнд хүчин мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийг зөрчиж Өмнөговь аймгийн газар нутгийг гаднын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн гэх асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн байна.
Энэ тухай Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийв.
УИХ-ын энэ оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын үеэр дээрх аймгийн газар нутгийг гаднын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн гэх энэхүү асуудал яригдсан. Иймд энэхүү асуудлыг зохих байгууллагууд шалгаж, гэм буруутай албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шилжүүлж, үр дүнг нь нийт иргэдэд ил тод, нээлттэй байдлаар мэдээлэх ёстой гэсэн байр суурийг Ерөнхийлөгч Засгийн газарт өгсөн чиглэлдээ илэрхийлжээ.
Өмнөговь аймаг нь төсвийн орлогыг бүрдүүлэгч гол аймаг мөн хэдий ч сүүлийн жилүүдэд байгаль экологийн доройтолд өртөж, үүний уршгаар малчдын тоо цөөрч, улсын хил эзгүйрэх аюул нүүрлэж байгаа. Иймд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг тус аймаг оройлон хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг Ерөнхийлөгч илэрхийлдэг хэмээн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.