Ж.Ганбаатар: БНХАУ-аас захиалсан 31500 тонн дизель түлш өнөөдөр хилээр орж ирнэ
Шатахууны нийлүүлэлт, хангамжийн асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Төрийн ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “БНХАУ-аас захиалсан 31500 тонн дизель түлшний эхний ээлжийн 5 мянган тонн нь өнөөдөр урд хилээр орж ирнэ” гэлээ.
Тэрбээр “ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловоор ахлуулсан баг манай улсад ирээд буцсан. ОХУ-аас шатахууны тал дээр маш их анхаарал хандуулж байгаа ч тус улсын дотоод дахь нөхцөл байдал хүндэрсэн болохыг та бүгд мэднэ. Тус улсаас өнгөрсөн онд нийт 987875 тонн дизель түлш импортолсон бол энэ оны эхний 11 сарын байдлаар 1.2 сая тонныг импортлоод байна. АИ-92 бензины хувьд 626395 тонныг импортолж байсан бол энэ оны эхний 11 сарын байдлаар 636.719 тонныг импортолсон буюу нийлүүлэлт хэвийн байгааг харуулж байна.
Өнгөрөгч 8, 9 дүгээр сард шатахууныг хангалттай нөөцөлсөн хэдий ч есдүгээр сарын 21-нд тавьсан хоригийн улмаас 21 хоног огт шатахуун импортлоогүй тул нөөц шавхагдсан. Өөрөөр хэлбэл, энэхүү нөхцөл байдлаас гарч чадахгүй байна гэсэн үг. "ОХУ нийлүүлэлтээ хэвийн үргэлжлүүлье, илүүг өгч чадахгүй" гэсэн. Тиймээс илүү хэрэглэж буй 30 хувийг бид БНХАУ-аас оруулж ирэхээр болсон. Захиалсан 31500 тонн дизель түлшний эхний ээлжийн 5 мянган тонн нь өнөөдөр урд хилээр орж ирнэ.
ОХУ-аас тавьсан хориг ганц манай улсад тавьсан хориг биш. Гэхдээ дизель түлш болон бензиний үнэ дэлхийн зах зээлд унаж буй. Өнгөрсөн сарын байдлаар ОХУ-аас тонныг нь 930 ам.доллароор нийлүүлж байсан бол энэ сард 855 ам.доллароор авч байна. Харин БНХАУ-аас 1080 ам.доллараар авна. Ангарскийн үйлдвэрээс нийлүүлж буй бүтээгдэхүүн 4-5 хоног буюу маш хурдан нийлүүлэгддэг. Бусад үйлдвэрээс нийлүүлж буй түлш 21 хонож ирдэг. Өнөөдрийн байдлаар 18 мянган тонн АИ-92 бензин наашаа ачигдаад байгаагаас эхний ээлжийнх нь манай улсын хилээр орж ирээд байна. Үнийн хувьд нэмэгдэхгүй, нэмэгдэх үндэслэл ч байхгүй.
Түүнчлэн түлшийг ямар нэг захиалгагүйгээр дамлан худалдан зориулалтаар Улаанбаатар хотоос орон нутаг руу гаргахыг хориглосон шийдвэрийг өнөөдрөөс гаргасан" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.