Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон “Хүнсний хувьсгал” НҮТББ-ын удирдах зөвлөл, бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Монголын тариаланчдын үндэсний холбоо, Монголын махны холбоо, Тахианы мах үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын шувууны аж ахуй эрхлэгчдийн холбоо, Тослог ургамал тариаланчдын нэгдсэн холбоо, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбоо, Монголын сав баглаа боодол, үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Сүүний нэгдсэн холбоод нэгдэн “Хүнсний хувьсгал” ТББ-ыг байгуулсан байна.
Уулзалтаар мэргэжлийн холбоод газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл ихээхэн дэмжлэг болж байгааг онцолсон юм. Мөн дотооддоо үйлдвэрлэж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлэх талаар саналаа хэллээ. Салбарын сайд Х.Болорчулуун импортын гаалийн татварыг 2-3 жилд үе шаттайгаар нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ “хамгаалах” бодлого барин ажиллахаа мэдэгдэв.
Мөн тэрбээр, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдааг сайжруулах, хөдөө аж ахуйн бүсийн тухай хууль батлагдснаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангахад ач холбогдолтойг хэлсэн юм.
Ийнхүү дотоодын хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд салбар яам холбоодоо бодлогоор дэмжин ажиллаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэн уулзалт өндөрлөв.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.