АНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрчим хүчний салбарыг хамгаалахын тулд нефтийн импортод татвар ногдуулж магадгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт мэдэгджээ.
“Америкийн эрчим хүчний салбарт би үнэхээр итгэдэг, бид энэ салбарт анхаарал тавих ёстой. Хэрэв хэдэн арван мянган ажилчдыг, манай компаниудыг хамгаалахын тулд нефтийн импортод татвар ногдуулах шаардлагатай болбол татвар ногдуулна. Зайлшгүй шаардлагатай зүйлээ би хийх болно” гэж Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна. “Бүхэл амьдралынхаа туршид би ОПЕК-ийн эсрэг байсан, учир нь энэ бол хууль бус картел, монополь юм. Та бүхэн өөрөөр нэрлэж болно” гэж тэрбээр нэмж хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч хэд хоногийн өмнө ОХУ-ы Ерөнхийлөгч Владимир Путин, Саудын Арабын хунтайж Мухаммед бен Сальман нартай утсаар ярьсан талаараа дурдсан байна. Түүний хэлснээр, Саудын Арабын эрх баригчид "нефтийн олборлолтыг 10 сая торхоор бууруулах хэлэлцээр байгуулах боломжтой гэж үзэж байгаа аж”.
Саудын Араб, ОХУ-д гаалийн нэмэлт татвар ногдуулах төлөвлөгөөгүй байгаа боловч тус хоёр улс нефтийн зах зээлийн байдлыг хэвийн болгоход чиглэсэн алхам хийхгүй бол ийм арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.