УИХ-ын сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нам эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6,434.5 сая, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 894.7-1,526.1 сая төгрөгийн хооронд байхаар тогтоожээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын нэгний өдрөөс өмнө тус хуулийн 50.2-т заасан аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ” гэж заасан. Үүний дагуу Үндэсний аудитын газар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг баталсан төлөвлөгөө, хөтөлбөрийн хугацаанд багтаан тогтоосон байна. Зардлын дээд хэмжээг тогтоохдоо сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах, сонгогчидтой уулзалт, хурал цуглаан хийх зэрэг сурталчилгааны арга хэлбэрийг тус тус харгалзан тооцоолол хийсэн аж.
Үүний зэрэгцээ Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам руу энэ сарын 23-нд албан бичгээр зардлын дээд хэмжээний саналыг авахаар хүргүүлсэн. Ингээд нэр бүхий 13 намын саналыг харгалзан сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоожээ.
Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/338672
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.