Метроны цахилгааны эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн станцаас нийлүүлнэ
Нийслэлийн Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17.7 км урт байхаар төлөвлөөд буй метроны шугамын 6.6 км-ыг газар доогуур хийнэ. Цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг ирэх 10 дугаар сард ашиглалтад орох Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэхээр төр, хувийн хэвшлийн хэлэлцээр хийжээ.
ЖАЙКА олон улсын байгууллагын урьдчилсан судалгаагаар метро жилд 50-60 мВт цахилгаан эрчим хүч ашиглана гэж тооцоолжээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 мВт-ын хүчин чадалтай бөгөөд эхний блок бүхий 150 мВт хүчин чадалтай станц 10 дугаар сард, хоёрдугаар ээлжийг нь 4-5 жилийн дараа ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа.
Mетроны цахилгаан эх үүсвэрийн талаар НИТХ-ын ээлжит бус хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүчний шинэ эх үүсвэрийг хэрхэн бий болгох талаар Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумын үеэр танилцуулна. Эрчим хүч, дулаан зэргийг тооцоолсон байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж байна. Энэ сарын сүүлээр УИХ-д өргөн барина. Тус хуулийн төслийг үндэслэж дээрх асуудлаа шийднэ” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.