Л.Мөнхтүшиг: Гадаадын 45 улсаас 6313 иргэн ирэх хүсэлтээ гаргасан
Онцгой байдлын шуурхай штабаас “Ковид-19” халдвартай холбогдуулан авч буй арга хэмжээний зохион байгуулалтын талаар мэдээлэл хийж байна.
Гадаад орнуудаас иргэдээ эх оронд авчрах асуудлын талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Гадаадын 45 улсаас 6313 иргэн хүсэлтээ гаргасан. Эрүүл мэндийн 84, ахмад настай 32 иргэн байна. Мөн амьдрах орон байргүй болж байгаа гэсэн олон иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Эдгээр иргэдийн хүсэлтийг ЭСЯ-дууд Гадаад харилцааны яаманд ирүүлж байгаа. ГХЯ-аас иргэдийн хүсэлтийг Улсын Онцгой комисст уламжилж байна.
Сошиалаар гадаадын иргэн ирж байна гэсэн шүүмжлэл бий. Дипломат албаны ажилтан, түүний гэр бүлийн иргэн нь УОК-т мэдэгдсэнээр ирэх зөвшөөрөл олгож байгаа. Токио - Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр гадаадын дөрвөн иргэн ирсэн. Япон улсын хоёр, Испанийн нэг, АНУ-ын нэг иргэн байсан. АНУ, Испанийн иргэн нь хүүхдүүд. Эцэг эх нь Монгол иргэншилтэй.
Олон нийтийн зүгээс хардалт бий. Онгоцонд багтахгүй, ирж чадахгүй байгаа учраас хардах, буруу ташаа ойлгох тохиолдол гарч байгаа.
Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай нислэг үйлдэнэ. Ямар шалтгаантай иргэн эх орондоо ирэхийг баасан гарагт цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн.
Эрүүл мэндийн шалтгаантай иргэн, өндөр настан, бага насны хүүхэдтэй эхчүүд гээд тодорхой шалтгаантай иргэдийг тусгай нислэгээр авчирна. Шалгуурыг хангасан Монгол Улсын иргэнийг эх орондоо авчирна. Ирэх хүсэлтэй олон иргэн байна. Онгоц 250 хүний суудалтай. Суудлын тоогоор иргэдийг авчирна. Аль болох олон хүнийг эх орондоо авчрах тал дээр бид ажиллаж байна” гэж тайлбарлалаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.