“Улаанбаатар кабель кар” төслийн бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ.
Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Улаанбаатар кабель кар” төслийн бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ.
Яармагийн Арцатаас Нэгдүгээр хороолол хүртэл үргэлжлэх, 4.2 км урттай дүүжин замын тээврийн шугамыг байгуулах барилгын ажлыг дэлхийн 90 гаруй улсад энэ төрлийн бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлсэн, 80 жилийн туршлагатай БНФУ-ын “Пома” компани хийж гүйцэтгэнэ. Энгийн тээврийн хэрэгслээр талдаа 1 цаг зарцуулдаг газрыг дүүжин тээврээр 12 минутад туулах бөгөөд ингэснээр иргэд цаг, минутаар ажлаа төлөвлөж, бүтээлч амьдралын хэв маягт шилжих боломж бүрдэх юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэхүү үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Миний бие 2017 оноос хойш нийслэлийн ИТХ-ын дарга, Хотын Захирагчаар ажиллаж байх үедээ энэхүү агаарын тээврийн төслийн тооцоо судалгааг гаргаж, Францын талтай эхний шатны яриа хэлэлцээг хийж байсан. Гэвч манай улсын хувьд шинэ технологи, амьдралын шинэ хэвшил учраас ТЭЗҮ, тооцоо судалгааг дахин хийх зэрэгт хугацаа алдсан хэдий ч төрийн ажлын залгамж халааг үргэлжлүүлэн, өнөөдөр ийнхүү эхний шатны ажлыг эхлүүлж буйд баяртай байна. Нийслэлчүүдийн хувьд нийгэм, эдийн засгийн болон амьдралын хэв маягийг өөрчлөхөд чухал ач холбогдолтой энэ төслийг 30 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар болон Элчин сайд, ноён Себастиен Сүрүн танд Монгол Улсын Засгийн газар болон ард иргэдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье” хэмээв.
2025 онд ашиглалтад орох энэхүү цахилгаан тээврийн хэрэгсэл нь тус бүр 10 хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд хасах 40 хэмийн хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.