Сонгинохайрхан дүүргийнхэн “Хотоо угаая” аянд нэгдлээ
Дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй хаврын их цэвэрлэгээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, хороод, замын цэвэрлэгээ үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгджээ.
Сонгинохайрхан дүүргийнхэн “Хотоо угаая” аяны хүрээнд, автобусны шилэн буудал, хайс хашаа, хогийн сав, аж ахуйн нэгж байгууллагуудын гадна фасад, автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, сандал, хогийн савыг хөөстэй угаалгаар угааж байна.
Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг уг арга хэмжээ нь мэргэжлийн байгууллагуудын ажлыг эрчимжүүлэхээс гадна Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтран СӨХ-дыг үүрэгжүүлж, иргэдийн идэвх оролцоог ханган, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, цаашид хэвшил болгон зохион байгуулж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зорилготой юм.
Энэ жил хаврын их цэвэрлэгээгээр, нийслэлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах, өнгө үзэмжийг сэргээж, засварлах зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа тухай НЗДТГ-ын цахим хуудсанд мэдээлжээ.
Нийслэлийн хэмжээнд 1547 СӨХ үйл ажиллагаа явуулдгаас 970 гаруй нь Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд гишүүнчлэлтэй байдаг бөгөөд гишүүн болон гишүүн бус СӨХ-дыг идэвхжүүлэх зорилгоор болзолт уралдаан зарлажээ. Иймд хаврын их цэвэрлэгээнд иргэд, оршин суугчдыг идэвх санаачилгатай оролцож, СӨХ-доо дэмжихийг уриалж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.