БНСУ-д 2022 оны байдлаар 1.7 сая гадаадын иргэн оршин байна.

БНСУ-д 2022 оны байдлаар 1.7 сая гадаадын иргэн оршин байна.

Үндэсний Статистикийн Хороо нь Хүн ам, орон сууны 2025 оны завсрын тооллогыг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд ҮСХ болон Дэлхийн банкны төлөөлөл БНСУ-ын Тэжон хотод дөрөвдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Бүртгэлд суурилсан Хүн ам, орон сууцны тооллого” сэдэвт сургалт, уулзалтад оролцжээ.

Энэ үеэр БНСУ-ын Статистикийн газраас Бүртгэлд суурилсан тооллогын удирдлага, зохион байгуулалт, арга зүй, мэдээллийн чанар, тэр дундаа Захиргааны мэдээллийн сангийн үйл ажиллагаа, статистикт ашиглаж буй бодит жишээ, сорилт боломжийн талаар туршлагаасаа хуваалцаж мэдээлэл өглөө.  

БНСУ-ын Статистикийн газрын Хүн ам, тооллогын хэлтсийн дарга Ким Со Ёнг “Манай улс 1925 оноос хүн амынхаа тоог албан ёсоор бүртгэлжүүлж эхэлсэн. 2022 оны тооллогын дүнгээр нийт хүн амын тоо 52 сая, өрхийн тоо 22 саяд хүрээд байна. БНСУ-д 2022 оны байдлаар 1.7 сая гадаадын иргэн оршин сууж байгаагаас Монголын 35 мянган иргэн бий. Манай улс Бүртгэлд суурилсан тооллогод 2015 оноос шилжиж эхэлсэн. Одоогоор энэхүү мэдээллийн системд Захиргааны нийт 25 төрлийн багц мэдээлэл ашиглаж байна” хэмээн онцолсон. 

Уулзалтын үеэр оролцогчид Бүртгэлд суурилсан тооллого зохион байгуулснаар мэдээллийн давхардал арилж, мэдээлэл орхигдох эрсдэлээс сэргийлэхээс гадна тооллогын түүврийн хүрээг жил бүр шинэчлэх боломж бүрдэж, үйл ажиллагааны зардал буурах зэрэг олон давуу тал бий болж байгаа талаар дурдсан юм. Гэхдээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахад маш сайн анхаарах шаардлагатай гэдгийг тодотгож байлаа. 

Түүнчлэн ҮСХ-ны Дэд дарга Д.Лхамсүрэн БНСУ, Монгол Улсын Статистикийн байгууллагын хамтын ажиллагаа 2001 оноос эхэлсэн. Хоёр талт уулзалтыг жил бүр тогтмол зохион байгуулж, үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо. Мөн Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг зохион байгуулах, мэдээллийн чанарыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах хүрээнд БНСУ-ын Статистикийн газар болон Дэлхийн банк дэмжлэг үзүүлж буйд онцгойлон талархал илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.