Монгол, Австралийн Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Австралийн Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Австралийн Холбооны Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын тавдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо болллоо.

Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Австралийн талаас Гадаад хэрэг, худалдааны яамны Өмнөд болон Төв Ази хариуцсан Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Сара Стори нар төлөөлөгчдөө ахалж оролцов.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран Өргөтгөсөн түншлэлийн хүрээнд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхт ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэснийг дурдаж, иргэд хоорондын харилцаа өргөжин бэхжиж буйг тэмдэглэв.

Түүнчлэн талууд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг харгалзан хоёр орны харилцааны түвшинг ахиулан “Иж бүрэн түншлэл”-д хүргэх баримт бичгийн төслийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, дээд, өндөр түвшний айлчлалын хүрээнд тунхаглан зарлаж, харилцааны түүхэн шинэ хуудсыг нээх чиглэлд онцгойлон анхаарч ажиллахаа нотлов.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хоёр улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр болон Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг байгуулах, Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн квотыг нэмэгдүүлэх, “Ажиллах болон амрах виз”-д хамрагдах иргэдийн тоог харилцан нэмэгдүүлэхийн төлөө буйг илэрхийлэв.

Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Сара Стори Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолж, хоёр талын харилцаа НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд гүнзгийрэн хөгжиж буйд баяртай байгааг илэрхийлж, жендерийн эрх тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Монгол Улсын Үндэсний статистикийн хороо болон Австралийн Статистикийн хороо хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Хоёр тал 2014 оноос хойш Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмтай болсон бөгөөд тус механизм нь Монгол, Австралийн харилцааны байдал, төлөвийн талаар санал солилцох, хамтын ажиллагааны тодорхой асуудлууд болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар өргөн хүрээнд ярилцаж, уялдаа холбоог хангахыг зорьдог гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.