Өнөө шөнө салхи шуургатай тул болгоомжтой зорчихыг анхааруулав
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байхыг анхаарууллаа.
Дөрөвдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хэсгээр салхи, шуургатай байх бөгөөд малчид, иргэд, тээвэрчид анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна.
Дөрөвдүгээр сарын 14-ний 20 цагаас 04-р сарын 15-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээгээр, нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Бусад нутгаар салхи баруунаас секундэд 5-10 метр байх төлөвтэй.
Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх гол орчмоор 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 5-10 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 15-20 градус дулаан, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.