БНСУ-ын “Самсунг Электроникс”-ийн орлого шинжээчдийн таамаглалаас давсан байна.
Өмнөд Солонгосын “Самсунг Электроникс” компанийн үйл ажиллагааны ашиг энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс арав дахин өсөж, чипний бизнес сүүлийн таван улирлын хугацаанд анх удаа ашигтай ажилласан талаар тус компани мягмар гарагт мэдэгджээ.
Тодруулбал, дэлхийн гар утас, санах ойн чипний хамгийн том үйлдвэрлэгч компанийн энэ оны эхний гурван сарын үйл ажиллагааны ашиг 6.6 их наяд вонд /4.8 тэрбум ам.доллар/ хүрсэн байна. Жилийн өмнө энэ үзүүлэлт 640.2 тэрбум вон байсан юм. Түүнчлэн борлуулалт нь 12.8 хувиар өсөж, 71.9 их наяд вон болсон бол цэвэр ашиг нь 329 хувиар өсөж, 6.75 их наяд вонд хүрчээ.
Ингэснээр “Самсунг Электроникс”-ийн орлого шинжээчдийн таамаглалаас давсан байна. “Ёнхап” агентлагийн санхүүгийн мэдээллийн “Ёнхап Инфомакс” фирмийн судалгаанаас үзэхэд, үйл ажиллагааны ашиг 5.6 их наяд вон байна гэж шинжээчид таамаглаж байжээ. Тус компани эхний улиралд судалгаа, хөгжүүлэлтэд 7.82 их наяд воны хөрөнгө оруулсан нь улирлын хамгийн том хөрөнгө оруулалт болжээ.
“Самсунг Электроникс”-ийн мэдээлснээр, чипний бизнес нь мөн хугацаанд 23.1 их наяд воны борлуулалт хийж, үйл ажиллагааны ашиг нь 1.91 их наяд вон болсон байна. Ингэснээр тус компанийн хагас дамжуулагчийн салбар 2022 оны дөрөвдүгээр улирлаас хойш анх удаа ашигтай ажиллаж байна. Дэлхийн чипний зах зээл уналтад орсонтой холбоотойгоор өнгөрсөн онд үйл ажиллагааны алдагдал 15 их наяд гаруй вонд хүрээд байв.
Мөн “Самсунг Электроникс”-ийн гар утас болон бусад төхөөрөмжийн бизнес эхний улиралд 47.3 их наяд воны борлуулалт хийж, 4.1 их наяд воны үйл ажиллагааны ашиг олжээ. Харин телевизийн бизнесээс олсон орлого өмнөх улирлынхаас буурсан хэдий ч том хэмжээтэй QLED болон OLED зурагтуудын эрэлт өндөр хэвээр байлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.