БНСУ гадаадын эмч нарт ажиллах зөвшөөрлийг олгож магадгүй
Эрүүл мэндийн салбарт онц байдал зарласан тохиолдолд эмчлэх эрхийн гадаад лицензтэй эмч нар буюу гадаадын эмч нарт Өмнөд Солонгост ажиллах зөвшөөрлийг олгож магадгүй гэдгийг тус улсын эрх баригчид анхааруулжээ. Энэ тухай Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны эх сурвалжаас эш татан Ёнхап агентлаг мэдээллээ.
Үүний тулд эрүүл мэндийн салбарын хуулиудтай холбоотой дүрэм журмуудад нэмэлт өөрчлөлтүүд оруулахаар төлөвлөж байгаа ажээ. Мөн Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авах ёстой ба тус салбарт онцгой байдал зарласан тохиолдолд гадаадын эмч нарыг ажиллуулах боломжтой.
Сануулан дурдахад, тус улсад ажиллаж буй 13 мянган дадлагажигч ба резидент эмч нарын 90 хувь нь хоёрдугаар сарын 20-ноос эхлэн ажил хаялт зарлаад байгаа бөгөөд тэд анагаах ухааны дээд сургуулиудын оюутны тоог нэмэгдүүлэхийг эсэргүүцсээр байгаа нь эрүүл мэндийн системийн үйл ажиллагаанд багагүй хүндрэл учруулсаар байна.
Засгийн газраас анагаахын дээд сургуульд элсэгчдийн тоо 3058 байгааг 2000-аар нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг дадлажигч эмч нар эсэргүүцэж, квотыг өсгөх нь асуудлыг шийдэхгүй хэмээн үзэж байгаа ажээ.
Өндөр хөгжилтэй бусад улстай харьцуулахад Өмнөд Солонгосын эмч нарын тоо хамгийн доогуур байгаа бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад 1000 хүн тутамд 3,7 эмч ногддог бол Өмнөд Солонгост эл үзүүлэлт 2,6 байдаг ажээ. Цаашдаа хүн амын хөгшрөлт түргэссэнээр 2035 он гэхэд 15 мянган эмч дутагдана гэсэн тооцоо бий.
Үүний сацуу дээр дурдсан байгууллагын гишүүн орнуудын эмч нарын дотроос хамгийн өндөр цалинтай нь Өмнөд Солонгосын эмч нар бөгөөд тэдний жилийн дундаж орлого 2020 оны байдлаар 192 мянган доллар байсан нь улс орны хэмжээн дэх дундаж цалингаас хавьгүй өндөр байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.