БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко айлчлалаа өндөрлүүлэхээсээ өмнө дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа.
Ерөнхийлөгч А.Г.Лукашенко мөн “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т зочлох үеэрээ нүүдэлчин ахуй, зан заншлын талаар танилцан, морьт харваа, ардын урлагийн тоглолтын дээжээс толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо.
Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлалынхаа үеэр “Чингис хаан” Үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнээс эхтэй улс, хаад болон төрийн түүхтэй танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.
БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник болон албаны бусад төлөөлөгч үдэн мордууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.