ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар коронавирусын халдвартай тэмцэхэд ДЭМБ оновчтой зөвлөмж, дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархал илэрхийлж, цаашид дэлхий нийтийг хамарсан халдварт өвчинтэй тэмцэх асуудлаар бүс нутгийн түвшний хамтын ажиллагааг сайжруулах, үүнд ДЭМБ-ын гүйцэтгэх үүрэг, жин нөлөөг дээшлүүлэх асуудлаар санал солилцов.
ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица эрүүл мэндийн хамгаалалд бүх салбарын оролцоог хангах, эмч, эрүүл мэндийн ажилтныг бэлтгэх, мөн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр манай ЭМЯ-тай нягт хамтран ажиллаж байгаа талаар танилцуулав. Түүнчлэн онц ноцтой халдварт өвчинтэй тэмцэх асуудлаар бүс нутгийн түвшний хамтын ажиллагааг сайжруулж ДЭМБ-ын гүйцэтгэх үүрэг, жин нөлөөг дээшлүүлэх асуудлаар Гадаад харилцааны сайдын дэвшүүлсэн санаачилгыг судалж, энэ чиглэлээр монголын талтай үргэлжлүүлэн хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.