Японы Ерөнхий сайд онц байдал зарлах гэж буйгаа парламентдаа мэдэгдэв

Японы Ерөнхий сайд онц байдал зарлах гэж буйгаа парламентдаа мэдэгдэв

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо коронавирусний халдвар тархсантай холбогдуулан онц байдал зарлахаар төлөвлөж буйгаа парламентдаа мэдэгдлээ.

“Шинэ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор Токио, Осака хот болон Канагава, Сайтама, Чиба, Хёого, Фүкүока мужийн нутаг дэвсгэрт нэг сарын хугацаанд онцгой байдал тогтоох шаардлагатай” гэж тэрбээр хэлсэн байна. Абэ мягмар гарагийн орой коронавирусний тархалттай тэмцэх Засгийн газрын штабын хурлын үеэр онц байдал тогтоосныг мэдэгдэх аж.

Японд онц байдал зарласнаар эрх баригчид тухайн газар нутгийн хүн амыг зөвшөөрөлгүйгээр эсвэл онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахыг хориглох эрхтэй болно. Мөн мужийн захирагчид Засгийн газартай тохиролцсоны дагуу боловсролын болон бусад төрийн байгууллагуудыг албадан хаах боломжтой. Түүнчлэн эмнэлгийн байгууллагууд дутагдалтай байгаа тохиолдолд шаардлагатай газар, барилга байгууламжийг түр хугацаагаар олон нийтэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зориулалтаар ашиглах эрхтэй болж байгаа юм. 

Онц байдлын үеэр олон нийтийн тээврийн хэрэгсэл, эмнэлэг, эмийн сан, банк, хүнсний дэлгүүрүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Харин  кино театр, боулинг, театр, баар, шөнийн цэнгээний газрууд, номын сан, гэрийн багш нар, их дээд сургууль, үсчин зэрэг газрууд энэ хугацаанд үйл ажиллагаа явуулахаас татгалзах эсвэл ажлын цагийг эрс багасгана.

Японы Ерөнхий сайд эдийн засгийн байдалд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай байсан тул энэ арга хэмжээг авах шийдвэрийг удаан хугацаанд эргэлзсэний эцэст гаргасан байна. Хүмүүс хоорондын хавьтлыг 20 хувиар бууруулах нь халдварын тархалтыг зогсоож чадахгүй гэдэг мэргэжилтнүүдийн тооцоо судалгаа түүнд дээрх шийдвэрийг гаргахад гол нөлөө үзүүлжээ. Учир нь хавьтлыг 80 хувиар бууруулсан тохиолдолд л шинээр илрэх тохиолдлын тоо багасах ёстой бөгөөд үүний тулд онц байдлын дэглэм нэвтрүүлэхээс өөр аргагүй юм.  

Японд “COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо 4820-д хүрсэн бөгөөд үүний 1116 нь Токио хотод бүртгэгджээ. Тус улсад коронавирусний халдвараар 108 хүн нас барж, 1211 хүн эмнэлгээс гарсан байна. Одоогийн байдлаар 88 хүний биеийн байдал хүнд байгаа аж

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.