Японы баруун өмнөд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Японы баруун өмнөд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Пүрэв гарагт Японы баруун өмнөд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа цунамийн аюулаас сэрэмжлүүлсэн нь ойрын хугацаанд мега буюу асар их хүчтэй газар хөдлөлт болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.

Японы Цаг уурын агентлаг түүхэнд анх удаа "хагарал үүсгэх хэмжээний хүчтэй мега газар хөдлөлт"- ийн талаар яаралтай зөвлөмж гаргаж, Японы баруун өмнөд хэсгээс төв хэсэг хүртэл үргэлжилсэн Нанкай хагарлын дагуу газар хөдлөх магадлал ердийнхөөс харьцангуй өндөр байгааг сэрэмжлүүлжээ.

Зөвлөмжийн дагуу Central Japan Railway төмөр замын компани Токайдо Шинкансен хурдан галт тэрэгнүүдийг ердийнхөөс бага хурдтайгаар долоо хоног орчим ажиллуулж, баруун нутагт зарим хурдан галт тэрэгний хөдөлгөөнийг зогсооно гэж мэдэгдсэн байна.

Орон нутгийн цагаар пүрэв гаргийн 16:43 цагт Миязаки мужаас 30 орчим км-ийн зайд газар хөдөлсөн бөгөөд тус мужийн өмнөд хэсгийн Ничинан хотод зургаадугаар түвшний газар хөдлөлт бүртгэгдсэн гэж Цаг уурын агентлаг мэдээллээ. Тус улсад газар хөдлөлтийн хүчийг 0-7 хүртэл долоон шатлалаар хэмждэг бөгөөд 7 нь хамгийн хүчтэй байдаг.

Газар хөдлөлтийн улмаас 10 орчим хүн бэртэж, хэд хэдэн барилга эвдэрч сүйдсэн гэж Байгалийн гамшгийн уршгийг арилгах яамны сайд Ёшифүми Мацүмүра мэдэгджээ.

Ерөнхий сайд Фүмио Кишида “газар хөдөлсөн тохиолдолд нэн даруй нүүн шилжихэд бэлтгэхийг” олон нийтэд уриалаад, төөрөгдөл үүсгэхгүйн тулд олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл тараахгүй байхыг хүсжээ.

Цаг уурын агентлаг Кочи, Эхиме, Ойта, Миязаки, Кагошима мужуудад цунамийн анхааруулга өгсний дараа 22:00 цагт цуцалсан байна. Тус агентлагийн мэдээлснээр, Миязаки болон Кочигийн баруун өмнөд нутагт 50, 20 см өндөр цунами ажиглагдсан байна.

Эхиме, Кагошима мужид байрлах Иката, Сендай атомын цахилгаан станцууд болон ойр орчмын бүс нутгийн цацраг идэвхт бодисын түвшинд ямар нэгэн хэвийн бус байдал илрээгүй гэж Цөмийн зохицуулалтын газраас мэдэгджээ.

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус улсын дөрвөн гол арлын нэг болох Кюшю арлын Миязаки муж орчмын тээврийн үйлчилгээ тасалдсан байна. Мөн Миязаки нисэх буудлаас Осака, Токиогийн Ханеда руу хийх зарим нислэгийг цуцалжээ.

Газар хөдлөлтийн хүчийг 6.9 магнитуд байна гэж анх тооцоолж байсан Цаг уурын агентлаг долоо хоног орчмын хугацаанд 6-аас доошгүй түвшний газар хөдөлнө гэж анхааруулсан байна.

Нэгдүгээр сард Засгийн газрын Газар хөдлөлт судлалын хороо "ойрын 30 жилийн дотор Нанкай хагарлын ойролцоо 8.0-9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлал 70-80 хувьтай байна" гэсэн таамаглалыг дэвшүүлж байсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Жулиан Ассанж Их Британийн Белмарш хорих газраас суллагдажээ 2024-06-27

Хятад цаг агаарын аюулын хамгийн дээд буюу "улаан" түвшний сэрэмжлүүлгийг гаргалаа. 2024-06-29

Япон улсад шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргажээ 2024-07-05

Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр зэвсэглэсэн этгээд гал нээжээ. 2024-07-14

Алдарт дуучин Бритни Спирсийн киног “Юниверсал” компани бүтээнэ 2024-08-05

Японы баруун өмнөд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 2024-08-09

Японы цаг уурын агентлагаас “Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил” сэрэмжлүүлгийг анх удаа гаргажээ. 2024-08-10

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлажээ 2024-08-15

Японд 3000 лийр хулгайлсан Вьетнамыг баривчилжээ 2024-09-03

Японы Ерөнхий сайд Өмнөд Солонгост айлчилна 2024-09-04

Япон 2028 онд суман галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлнэ  2024-09-13